Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад албан ёсоор айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 16:52:39

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Берге Брендетэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ баялгийн сангийн асуудлаар хамтран ажиллах, мөн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулах асуудлыг хөндөв. Сайд Б.Бренде Норвеги Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Норвегийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны талаар манай мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулахад бэлэн буйгаа мэдэгдэв. Мөн сайд нар Монгол Улсын төвийг сахих бодлого болон олон улсын сонирхсон асуудлаар санал солилцов. Норвегийн тал Монгол Улсыг Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжихээ уулзалтын үеэр дахин нотлов.

Айлчлалынхаа хүрээнд Гадаад хэргийн сайд Норвеги Улсын Парламентын дэд ерөнхийлөгч М.Нибакк болон Гадаад бодлого, батлан хамгаалахын байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Норвегийн харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд цаашид энэхүү харилцааг гүнзгийрүүлэх, чингэхдээ уул уурхайн салбараас төвлөрөх орлогыг хэрхэн зөв зарцуулах, төрийн зохистой оролцоог хангахад харилцан туршлага судлах зэргээр ажиллахын чухалыг онцлов. Сайд Л.Пүрэвсүрэн УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг албан ёсоор гардуулав.

Мөн сайд Л.Пүрэвсүрэн Норвеги Улсын Сангийн дэд сайд П.Бьёрнстой уулзаж, баялгийн менежмент, хууль эрх зүйн орчны чиглэлээр тус улстай хамтран ажиллах, туршлагаас судлах талаар санал солилцов. Норвегийн тал энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүдэд хөрөнгө оруулах бололцоог судлахаа тэмдэглэсэн.

Норвегийн Парламент 1990 онд Газрын тосны сан байгуулах хуулийг баталж, улмаар санг байгуулсан. Газрын тос, байгалийн хийн олборлолтоос олж буй орлогыг эдийн засагтаа оруулалгүйгээр олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийснээр нэг салбараас хараат бус, төрөлжсөн эдийн засаг бий болгох, газрын тос, байгалийн хийн салбараас бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна. Норвеги Улсын Сангийн яам сангийн үйл ажиллагааг удирдан явуулдаг хэдий ч Засгийн газар сангийн 4 хүртэлх хувийг л шууд зарцуулах эрхтэй байдаг байна.

Тус сан үйл ажиллагааныхаа 60 хувийг хөрөнгийн зах зээл, 35 хувийг Засгийн газрын бонд, 5 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төвлөрүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар сангийн хэмжээ 1 их наяд ам.доллар, дэлхийн хөрөнгийн зах зээлийн нэг хувийг эзэмшиж байна. Газрын тос олборлолтын татвар Норвеги Улсад өндөр буюу 78 хувь байдаг боловч тогтвортой татварын бодлого, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлснээр энэ салбараас олох  орлого нэмэгдэх нөхцөл бий болжээ.

関連ニュース
コメント