ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба чөлөөт бөхийн амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-16 17:18:43

Лас Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ-д амжилттай оролцсон Монголын баг, тамирчдыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Эрэгтэй шигшээ багийн хувьд ДАШТ-нээс хүрэл, хошой мөнгөн медаль, олимпийн дөрвөн эрх авч багаараа IҮ байрт орсон. Харин эмэгтэй шигшээ баг хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпийн хоёр эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг долоо дахь жилдээ авлаа.

Энэ үеэр ЭМС-ын Сайд Г.Шийлэгдамба шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хандан "Монгол Улсын спортын түүхэнд, тэр дундаа чөлөөт бөхийн түүхэнд гаргасан та бүхний амжилтыг үнэлэн өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албаны бүх хүмүүст баяр хүргэе. Өнөөдөр бид төдийгүй Монгол хүн бүр та бүхнээр бахархаж байгаа. ДАШТ-д амжилттай оролцож олимпийн зургаан эрх өвөртлөн ирснээр "Рио-2016"-н 13 эрхтэй боллоо. Та бүхнийг энэ эрчээрэй олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртэнэ гэдэгт найдаж байна. Мөн одоо үлдээд байгаа олимпийн эрх олгох гурван тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе" гэв.

Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр "Олимпийн өмнөх хамгийн сүүлчийн эрх олгох тус тэмцээнд ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай сайн оролцоод ирлээ. Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид үндсэндээ Риогийн олимпийг өнгөлнө гэж олон улсын хэмжээнд дүгнэж байгаа. Баг тамирчид маань сургуулилтаа сайн хийж, бэлтгэлээ сайн хангаж чадсанаар дэлхийн хошой аварга, дэлхийн олон олон медальтнууд төрөн гарч, олимпийн зургаан эрх авч ирлээ. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай С.Батцэцэг дэлхийн хошой аварга болохдоо таван барилдаан хийсэн. Энэ таван барилдаанд нийтдээ 8 минут 16 секунд зарцуулж, хамгийн богино хугацаанд бүх өрсөлдөгчөө ялсан тамирчин  болсон. Энэ бол том амжилт. Бүх тус дэм өгсөн, дэмждэг хүмүүс, байгууллага, хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.

Д.Өлзий

関連ニュース
コメント