Улс төрийн намууд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 16:41:07

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын гуравдугаар хуралдаан “Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил” сэдвийн дор боллоо.

Хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч Алан Нэри даргалж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Биата Транкман нар илтгэл хэлэлцүүллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Л.Болд, “Монгол Улс богино хугацаанд ардчилсан нийгэмд шилжсэн. Монголын ардчиллын амин сүнс бол үг хэлэх эрх чөлөө юм. Учир нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээр бид тайван замаар ардчиллыг бий болгосон юм.

25 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг ардчиллын чухал асуудлыг Монгол Улс тунхаглаж чадсан. Гэхдээ эдийн засгийн шинэчлэл, хууль эрхзүйн зарим алдаанаас болж ардчилалд сөргөөр нөлөөлж байна.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагуудын зөвлөмжийг хүлээн авч Жендерийн эрх тэгш байдлын тухай, Ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хууль эрхзүйн шинэчлэл хийж байгаа.

Цаашдаа улс төрийн нам, эвсэл нэгдмэл байдлаа хангаж хүний эрхийг бүрэн хангах, хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. Ингэснээр улс төрийн нам, эвслүүд иргэдийн эрх чөлөөг батлан хамгаалагчийн үүргээ биелүүлэх боломж бүрдэх юм” хэмээн илтгэлдээ дурьдлаа.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ байгууллага улс орон, хувь хүний хөгжилд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Монгол Улс төдийгүй дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Бид дэлхий нийтийн сайн сайхны төлөө энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилтын гол үндэс нь ардчиллыг хөгжүүлэх юм.

Тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжсэнээр тухайн нийгэм аюулгүй, шударга, энхтайван байдалд хүрэх боломж бүрдэнэ. Тэгэхээр энэхүү зорилтыг төгс хэрэгжүүлэхийн тулд бүх талаар хамтран ажиллах ёстой. Энэ чиглэлээр аливаа улсын парламент хариуцлагатай ажиллах ёстой.

Монгол Улсын шийдвэр гаргах түвшин буюу парламентын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа. Мянганы хөгжлийн зорилтод эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагын 30 хувийг эмэгтэй гишүүнээс бүрдүүлэх гэж заасан. Монгол улс одоогоор энэ зорилтыг бүрэн хангаж чадаагүй.

Шийдвэр гаргах үйл явцад иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хэмэгдүүлэх нь чухал байдаг. Монгол Улс энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм. Тухайлбал аливаа хуулийг батлахдаа иргэний нийгэм болон тухайн салбарын байгууллагуудынх нь саналыг авч, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Манай байгууллага ч Монголын УИХ-аас баталсан хуульд тодорхой зөвлөмж, саналаа хүргүүлж байсан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлж байна.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント