Украин өөрийн иргэдийн төлөө тэмцэнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 20:50:32

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон Украины төлөөлөгчид өнөөдөр тус улсад болж буй хямралын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Украины төлөөлөгчдийн тэргүүн Артур Герасимов, Оросын зүгээс Украин улсад түрэмгийлсэн явдал нь ЕАБХАБ-ын хувьд төдийгүй энэ байгууллагын Парламентын Ассамблейн хүрээнд 2014 оноос ярьж буй гол сэдэв болсон. Яагаад гэвэл Орос болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид манай улс орны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Крымийг булаан эзэлсний дээр зүүн хэсгийг эзлэх оролдлого хийж байгаа нь Украины хууль төдийгүй олон улсын хэм хэмжээг зөрчсөн явдал юм.

Украинд маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ дайныг зогсоохын тулд бид асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга хэрэгсэл болох Минскийн тохиролцоог хэрэгжүүлж байгаа. Энэхүү тохиролцоог Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах арга зам гэж бид үзэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Украин улс бүхий л хүчин чадлаараа ажиллаж байхад Орос өөрийн зэвсэг болон цэргүүдийг Украины нутагт байлгасаар байна. Үүнийг нотлох маш олон баримт бий." гэлээ.

Түүний дараа Украины парламентын гишүүн Игорь Попов ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хоригийн асуудлыг хөндөж ярив.Тэрбээр, Бидний зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт хандаж Оросын төрийн өмчит болон хагас төрийн өмчит компаниудад хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа. Эдийн засгийн ийм хориг арга хэмжээ авснаар Оросын удирдлага, шийдвэр гаргагчид хийж буй үйлдлээ эргэж харах болов уу гэж найдаж байна. Украинд энх тайван байдлыг тогтоосон нөхцөлд бидний барууны түнш нарын зүгээс энэ хориг арга хэмжээгээ зогсоох нь ойлгомжтой.

Бидний үзэж байгаагаар ЕАБХАБ бол Украинд энх тайвныг бий болгоход хамгийн чухал үүрэгтэй байгууллага юм. ЕАБХАБ-ын зүгээс манай улсад ажиглагчид буюу тусгай хяналтын багийн хэдэн зуун хүн ажиллаж байгаа. Тэд цэрэг дайны ямар гэмт хэрэг гарч буй талаар мэдээлэл авч, баталгаажуулах ажил хийж байна. Энэ байгууллага бол аль нэг талын эрх ашгийг баримтлаагүй, төвийг сахисан байр суурьтай гэдэг утгаараа яриа хэлэлцээр явуулахад хамгийн тохиромжтой байгууллага гэж үзэж байна.

Улаанбаатарт болж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн энэхүү хурлын үеэр бид Оросын төлөөлөгчидтэй шууд уулзалт хийсэн. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч ноён Канерва болон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Спенсер Оливер нартай уулзсан. Бид Украины хямралын асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд цаашид асуудлыг шийдвэрлэхэд эдгээр уулзалт ач холбогдлоо өгнө гэдэгт найдаж байна гэлээ.

Мөн Украины парламентын гишүүн Сергей Высоцкий, Энд нэг зүйл онцлон тэмдэглэмээр байна. Украин, Монгол хоёр улс геополитикийн талаасаа ижил төстэй нөхцөл байдалд байгаа. Монгол Улсын нэгэн адил Украин нь Оростой олон км газраар хиллэдэг. Энэ ч утгаар нь бид Оросыг томоохон хөрш улс гэж ойлгож ирсэн. Гэтэл амьдрал дээр Кремль болон Путин тэргүүтэй хүмүүс империалист байдлаар энэ найрамдлыг үгүй хийж, түншлэлийг устгасан бөгөөд одоо манай Крым болон Украины зүүн хэсгийг булаан эзлээд байна. Монгол Улс өөрийн хоёр хөрш болон бусад улстай сайн харилцаатай байдаг. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Орос улс бол империалист байдлаар хөршүүддээ хандах, геополитикийн эрх ашгаа хамгаалахад байнга бэлэн байдаг учраас та бүхэн ч гэсэн бэлтгэлтэй байж, арми болон бусад бэлтгэлээ базааж байх нь зүйтэй юм.

Бас нэг анхааруулах зүйл бол Украины зарим иргэдийг ОХУ-ын шоронд хорьж байгаа. Украинд болж буй дайны үеэр Украины 20 гаруй хүнийг барьцаалан шоронд хийсэн. Тэд бол Крымд байсан хүмүүс, бас өөр бусад олон хүн байгаа. Тэдний дунд Украины парламентын гишүүн Надя Савченко гэдэг хүнийг баривчлаад шоронд хорьсон байгаа. Мөн Крымийн Татарын бүлгийн дэд дарга хүн ч бий. Хүний эрхийн асуудал болон улс төрийн хоригдлуудын асуудал бол ЕАБХАБ-ын ярьж байгаа сэдвүүдийн нэг чухал хэсэг болж байгаа. Украин өөрийн иргэдийн төлөө тэмцэнэ гэдгээ энд хэлмээр байна" гэлээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント