Иргэдэд хямд, чанартай нүүрс нийлүүлэх ажлыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 14:53:31

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын гэр хорооллын айл өрхүүдэд хямд, чанартай нүүрс нийлүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд аймаг орон нутаг “Шарын гол” ХК-тай хамтран 10 багт нүүрс борлуулах 15 цэгээр дамжуулж нийт 26256 өрхөд 105024 шуудай нүүрсийг нийлүүлжээ.

Зах зээлд шуудай нүүрсний үнэ 10 мянган төгрөг хүрдэг үед хямд үнэтэй нүүрсийг худалдаанд гаргаснаар эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэйг иргэд хэлдэг. Иймээс ч уг ажлыг үргэлжлүүлэн явуулж өгөх хүсэлтээ уламжилсаар байгаа юм. Иргэдийнхээ амьдралд эерэгээр нөлөөлж байгаа учир энэ жил ч мөн дээрх ажлыг зохион байгуулахаар болж аймаг, сумын холбогдох албаныхан "Шарын гол" ХК-ийн төлөөлөлтэй уулзаж  хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уурхайн зүгээс нүүрсний үнийг өмнөх жилийнхээс нэмэгдүүлэхгүй 20 км нь 2500 төг, 40 кг нь 5000 төгрөгөөр нийлүүлнэ. Мөн задгай нүүрсийг уурхайгаас нэг тн-ыг нь 120 мянган төгрөгөөр зарах бол 150 мянган төгрөгөөр гэрт нь хүргэх үйлчилгээг үзүүлэх, топ гурван борлуулагчийг шалгаруулах зэрэг шинэлэг ажлыг ч хийхээр төлөвлөж байгаагаа Шарын гол ХК-ийн марктенгийн менежир Б.Даваадорж хэллээ.

Өмнөх жил уурхай гэрээт цэгүүдэд ажиллах борлуулагчидтай гэрээ байгуулан ажилладаг байсан. Гэхдээ энэ жил Дархан сумтай гурвалсан гэрээ байгуулж ажиллах нь хаа хаанаа хяналтаа сайжруулж хариуцлагаа өндөрсгөх сайн талтай гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Иргэдэд хямд үнэтэй, чанартай нүүрс нийлүүлэх нь ажилгүй иргэдийг түр ажлын байраар тодорхой хугацаанд хангах давхар зорилготой. Тиймээс ч энэ жил уг ажлаар дамжуулж борлуулагч, тээвэрлэгч зэрэгт 30-40 иргэнийг түр ажиллуулах боломжтой гэлээ. Хямд нүүрс нийлүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх саналыг орон нутгаас тавьж байна. Гэхдээ үүнээс өмнө дахин уурхай, аймаг, сум, багуудын холбогдох албаны хүмүүс болон өмнө нь ажиллаж байсан борлуулагч, иргэдийн төлөөллийг оролцуулж хэдэн цэгийг, хаана гаргаж, хэнээр гэрээт борлуулагчаар ажиллуулах зэрэг асуудлуудаа яаралтай шийдэх хэрэгтэйг аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Батжаргал хэллээ.

Б.Норовсамбуу

 

関連ニュース
コメント