Өмгөөлөгч Ц.Баасандорж: Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-11 14:59:09

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ямар учраас шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хүсэлтээ хуулийн дагуу бичгээр шүүхэд өгөөгүй гэх асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Л.Гансүх нарын гэх хэргийн өмгөөлөгчид болох Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар уг хэргийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар өчигдөр өглөө 10 цаг 30 минутаас эхэлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хурал үргэлжлэх боломжгүй болсон юм.

Тэрбээр “Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх газар хуурамчаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан баримтыг дэлгэж байна. Тодруулбал, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоогийн “АТГ-ын мөрдөн байцаагчид Татварын ерөнхий газрын нягтлан бодогчоор урьдчилан бодуулсан дүгнэлт дээр гарын үсэг зуруулсан” гэх ярианы бичлэг байна. Энэ нотлох баримтыг би прокурорт өгсөн ч шүүхэд уг баримтыг өгөлгүй нотлох баримтыг дундаас нь сугалж авсан гэсэн үг. Шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаагүйн тухай тайлбарлахад шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд энэ хүсэлтийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх практик туршлага бий. Харин өөрөөс нь татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч М.Алдар өөрөө шийдэж байгаа нь шударга бус. Албан бичгээ өгөх гээд явж байтал хурлыг хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзахыг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Хүсэлтээ өгөөгүй байхад асуудлыг шийдсэнд гайхаж байна. Намайг өмгөөлөгчийн ёс зүйн алдаа гаргасан гэж 768 мянган төгрөгөөр торгосон. Энэхүү торгуулийг эсэргүүцэж байгаа болохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана” гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд