Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-11 15:44:03

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ сарын 13-20-ны өдрүүдэд Японы Токио хотод ажиллах юм.

Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтсан байна. Тэдгээр гишүүд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор тус улсыг зорино.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос эхлэн техникийн туслалцаа үзүүлсний зэрэгцээ  манай улс Олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсноор Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад дундаж байранд жагсаж байгаа аж.

Ажлын хэсгийн гишүүд тус улсад ажиллах явцдаа Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд