"Ургах наран" хорооллын цахилгааныг тасалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 16:00:40

Энэ сарын 8-ны байдлаар Ургах наран хорооллын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 99.7 сая төгрөг болсон бөгөөд энэхүү төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хийгээгүйн улмаас хэрэглээг түдгэлзүүлжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь "Бльюскай партнерс" ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай тус компанийн барьж байгуулсан Ургах наран хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Гэхдээ Бльюскай партнерс ХХК нь тухайн хорооллыг ашиглалтад оруулснаас хойш оршин суугчдынхаа цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажлыг УБЦТС ТӨХК-д одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Тиймээс Ургах наран хорооллын цахилгаан эрчим хүчний төлбөрийг Бльюскай партнерс компани УБЦТС ТӨХК-д төлөх үүргийг гэрээний дагуу хүлээдэг аж. УБЦТС ТӨХК-иас Бльюскай партнерс компанид төлбөрөө барагдуулах мэдэгдэл, албан бичгийг удаа дараа өгч, төлбөрөө хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулахын зэрэгцээ өр төлбөр барагдуулах талаар уулзалт хийх зэрэг ажлыг 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй гэнэ. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1 дүгээр сарын 29-ний өдрийн 750 тоот захирамж гарч Бльюскай партнерс компани нь УБЦТС ТӨХК-д тухайн цаг үеийн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 76.6 сая төгрөгийг төлөх шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд УБЦТС ТӨХК-аас Ургах наран хорооллын оршин суугчдын эрх ашгийг хүндэтгээд цахилгаан эрчим хүчээр хангаж байсан ч энэ оны 5 дугаар сарын 19-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл 140 сая төгрөг болоход цахилгаан эрчим хүчийг мөн түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлснээс хойш 7 хоногийн дараа 27 сая төгрөгийг төлж, үлдсэн 113 саяыг нь тодорхой хуваарийн дагуу хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулснаар хэрэглээг эргэн сэргээсэн. Ингээд 6 дугаар сард үлдэгдлээс 25 сая төгрөг төлөхөөс 14.4 сая, долдугаар сард 25 сая төгрөг төлөхөөс 20.8 сая, наймдугаар сард 10 сая төгрөг төлөхөөс 5.8 сая төгрөгийг тус тус төлж байсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн тул тус хорооллын цахилгаан хэрэглээг дахин түдгэлзүүлжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд