Бусдын буруугаас 11 удаа цахилгаан тасарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 16:13:15

Өнгөрөгч 8 дугаар сард зарим нэг аж ахуй нэгж газар шорооны ажил дур мэдэн хийснээр   кабель шугам гэмтээсэн зөрчил нийт 11 удаа гарч, 8383 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ саатжээ.

Тухайлбал, 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээ ХХК газар шорооны ажил хийж байгаад кабель шугамыг гэмтээсний улмаас 5, 22 дугаар хорооны 76 аж ахуйн нэгж, 2602 айл өрх 40 минутын турш, 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Бумба-Од ХХК зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байгаад кабель шугам гэмтээснээс Төрийн ордны нэг талын тэжээлийн кабель шугамыг гэмтээсэн, 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах агаарын шугамыг автомашинаар гогдож гэмтээснээс 106 аж ахуйн нэгж, 2065 айл өрх нэг цагийн турш  цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадаагүй аж.

Газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа иргэн аж ахуйн нэгж нь юуны өмнө кадастрын зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, шугам сүлжээний угсралтын ажлын зургаа авч харъяа Түгээх төвөөр кабелийн тодруулга хийлгэж, ажлаа эхлэх зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Шаардлагатай тохиолдолд Түгээх төвөөс газар дээр нь хянагч ажиллаж, зөвлөгөө өгдөг.

Иймд газар шорооны ажил хийхийн өмнө мэргэжлийн байгууллагад хандаж байхыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас анхаарууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд