"Ногоон паспорт" аян Хамарын хийдэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-17 12:16:17

Дорноговь /МОНЦАМЭ/.БОАЖЯ-наас санаачлан зохион байгуулж байгаа“Ногоон паспорт” аян  есдүгээр сарын 15-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Хамарын хийдэд боллоо.

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах  уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой уг аянаар IX-XII ангийн сурагчдад "Ногоон паспорт" олгож байгаа аж.

Энэ нь 12 хуудастай. Хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай бөгөөд эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болж, сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх, байгаль эхтэйгээ зөв харьцах болно гэж албаныхан тодотгов.

Оролцогчид Хамарын хийдэд 11 га талбайд “Дунд усны төгөл” хэмээх цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар мод тарьж, тохижилтын ажлыг эхэлсэн. Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин бусад холбогдох албаныхан болон Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн "Эко клуб"-ийн IX-XII ангийн 225 сурагч  оролцов.

Арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дорноговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их нартын Байгалийн нөөц газар, Галба-Өөш Долоотын сав газрын захиргаа, Хамарын хийдийн захиргаа хамтран зохион байгууллаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ