ВЭФ-2018: ОХУ ба Зүүн Хойд Азийн орнуудын Алс Дорнод дахь хамтын ажиллагаа

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-09-17 13:10:05

ОХУ-ын Владивосток хотод 11-13-ны өдрүүдэд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт /ВЭФ-2018/ амжилттай болж өнгөрлөө. Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневийн хэлснээр, чуулга уулзалтын үеэр болсон 100 орчим арга хэмжээнд 7 мянга гаруй хүн буюу Орос улс болон дэлхийн 60 гаруй орны 6002 төлөөлөгч, 1357 сэтгүүлч оролцсон байна. Тэдний дотор гадаадын 340 компани, Оросын 383 компанийн захирлууд байв. Ю.Трутневийн ярьснаар, форумын үеэр 2,9 их наяд рублийн үнийн дүн бүхий 175 гэрээ хэлэлцээр байгуулагджээ.

 

Форумын хүрээнд болсон ажил хэргийн арга хэмжээнүүд нь хөрөнгө оруулалт, салбаруудын гол чиглэлүүд, дэд бүтцийн хөгжил ба олон улсын төслүүд гэсэн үндсэн 4 сэдвээр салбар хуралдаанууд, бизнесийн уулзалт ярилцлага, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр өрнөсөн юм.

Тэдгээрийн дотор “Орос-Хятад”, "Орос-Энэтхэг", “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-Япон”, “Орос-АСЕАН”, “Орос-Ойрхи Дорнод”, “Орос-Европ” гэсэн 7 бизнесийн уулзалт ярилцлага болсон.

 

Владивостокийн чуулга уулзалт маш өргөн хүрээг хамарсан учраас ерөнхийд нь тоймлож бичих нь ихээхэн цаг хугацаа, зай талбай эзэлнэ. Ийм учраас энэ удаад дээр дурдсан бизнес уулзалтуудаас “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-Япон” гэсэн 4 уулзалтыг онцоллоо.

 

Учир нь, манай Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутагт хамаарагддаг бөгөөд тус бүс нутгийн орнууд болох БНХАУ, Япон, БНСУ нь Алс Дорнод болон Ази-Номхон далайн бүс нутагт Орос улстай хэрхэн хамтран ажиллаж байна вэ гэдэг нь илүү сонирхолтой байх болов уу.

 

ОХУ-БНСУ


Владивостокийн форумын үеэр ОХУ-БНСУ-ын бизнесийн уулзалт яриа болж, түүнд Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ён, Оросын талаас Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец нар болон хоёр улсын бизнесийнхэн оролцлоо. 



Энэ удаагийн форумд оролцохоор Өмнөд Солонгосын бизнесийн хүрээний 335 төлөөлөгч Владивостокт ирсэн байна.

Ерөнхий сайд Ли Нак Ён хэлэхдээ “би дараагийн удаад Владивостокийн чуулга уулзалтад нисэх онгоцоор бус харин галт тэргээр ирэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, БНАСАУ-ын нутгаар дамжиж ирэх бодолтой байна. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд минь бүс нутгийн орнуудын удирдагчид туслаарай” гэлээ.


Ингэж хэлэх болсны учир нь, энэ оны 8 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий дэвшүүлсэн саналтай холбоотой юм. Түүний үзэж байгаагаар, БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр дайруулан Зүүн Хойд Азийн төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулж, түүгээр дамжин Сибирийн төмөр зам, Европ тив рүү нэвтрэх ачаа тээврийн шинэ гарцыг бий болгох нь нэн чухал болжээ.


Гэвч БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас тус улсаас ачаа тээвэрлэх асуудал бүрмөсөн зогсчихоод байгаа юм. Владивостокийн чуулганы үеэр Өмнөд Солонгосын зарим төлөөлөгчид уг хоригийг цуцлах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.


Одоогийн байдлаар, Алс Дорнодыг хөгжүүлэх шинэ механизмын хүрээнд Өмнөд Солонгосын 50 сая долларын хөрөнгө оруулалт бүхий 6 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд уг тоог 1,1 тэрбум долларт хүргэхээр хоёр тал ярилцжээ. Харин Оросын Худалдаа-аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Катырин хөрөнгө оруулалтын хэмжээг “чамлалттай” гэж дүгнэлээ.


Орос-Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд “9 гүүр” гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү санаачилга нь эрчим хүч, байгалийн хий, Хойд тэнгисийн зам, хөдөө аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүний олборлолт болон бусад салбар дахь хамтын ажиллагааг хамарч байгаа аж. Эдгээр чиглэлээр хамтран ажиллах тухай “Замын зураг”-ийн заалтуудыг хоёр улсын зохих байгууллагууд боловсруулсан байна.


Дашрамд дурдахад, Оросын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрсөн зун Москвад уулзах үеэрээ “хоёр улсын худалдааны эргэлтийг 30 тэрбум долларт хүргэх”-ээр тохиролцсоныг Ерөнхий сайд Ли Нак Ён дурдлаа. Одоогоор бараа эргэлтийн хэмжээ 19 тэрбум доллар байгаа ажээ. Ингэснээр БНСУ нь Оросын хувьд 7 дахь том худалдааны түнш болж байгаа юм.


Бизнес уулзалтын явцад 2019 онд “9 гүүр” санаачилгын хүрээнд Орос, Өмнөд Солонгосын бүс нутгуудад цуврал уулзалт хийхийг Оросын тал санал болгожээ.


Бизнесийн уулзалт ярилцлагын үеэр Оросын төмөр замын “РЖД” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий захирлын 1 дүгээр орлогч А.Мишарин хэлэхдээ “сүүлийн 3 жилийн хугацаанд Сибирийн төмөр замд 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийснээр хүчин чадлыг нь 60 сая тонноор нэмэгдүүлсэн, дараагийн 5 жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгааг” мэдэгдлээ.


ОХУ-БНХАУ


Сүүлийн 2 жилийн хугацаанд Оросын Алс Дорнодын бүс нутгийг чиглэсэн хөрөнгө оруулалтын 80 хувь нь Хятадын компаниудад ногдож байгаа юм. Өнгөрсөн онд тус бүс нутагт Хятадын оролцоотой, 3 тэрбум гаруй долларын өртөг бүхий 20 гаруй төсөл хэрэгжиж байсан бол энэ тоо 2018 онд 40 гаруйд  хүрч нэмэгдээд байна. Алс Дорнодын мужууд ба Хятад улсын хооронд өнгөрсөн 2017 онд 7,7 тэрбум долларын худалдаа хийжээ.




Хятадын хойд мужуудыг Приморийн хязгаарын боомтуудтай холбосон олон улсын тээврийн коридоруудыг хөгжүүлэх төсөл хэрэгжээд эхэлсэн байна. Хоёр улсын холбогдох байгууллагууд Хятадын ачааг дамжуулан өнгөрүүлэх коридор байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төсөл нь Евразийн эдийн засгийн холбоо ба “Нэг бүс, нэг зам” санаачилга хоорондоо холбогдож буйн практик жишээ юм.


Түүнчлэн худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн засгийн газар хоорондын шинэ механизмууд ажиллаж эхэлсэн ба Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих төв Алс Дорнодод байгуулагдав. 


Хятадын бизнес эрхлэгчдийн Холбооны ерөнхийлөгч Жоу Лицюнь “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлэхэд Орос-Хятадын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглээд, уг төсөл нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хурдасгах болон Орос, Хятадын бизнес эрхлэгчид гуравдагч орнуудын зах зээлд гарахад тус дөхөм болно гэлээ. “Хятад улс бол Алс Дорнод дахь Орос улсын хамгийн том түнш. Одоогоор Хятадын 30 гаруй компани чөлөөт боомт болон илүү хурдацтай хөгжүүлэх газар нутгуудад ажиллаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.


Хятадын компаниуд Алс Дорнодод целлюлозын үйлдвэр, тэнгисийн шинэ боомт барих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.


Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн тод жишээ бол Хятадын Хэйлунжан мужид өрнөж буй бизнесийн үйл ажиллагаа юм. Хил орчмын худалдааг өргөжүүлэх зорилгоор 16 үзэсгэлэн яармагийн талбар ажиллаж байна. Тэдгээрээс Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн үзэсгэлэнг онцлон дурдах нь зүйтэй.


Эдгээр талбар ажилласны үр дүнд Хятадын 144 компани Оросын зах зээлд гарч, Хэйлунжан мужийн хэд хэдэн банк Росбанк-тай хамтран төлбөр тооцоог рубль, юаниар хийж байна.


“Орос-Хятад” бизнесийн уулзалтын явцад Приморье-1, Приморье-2 тээврийн коридоруудын төслүүдийг хэрэгжүүлэх явцыг хурдасгах талаар ярилцсан байна. Хоёр улсын хилийн шугам хэдэн мянган км үргэлжилдэг атал ердөө 4-хөн нэвтрүүлэх гарц байгаагийн улмаас ачааны машинууд дараалал үүсгэж буйг шүүмжилжээ.  Иймээс Хабаровск-Харбины чиглэлд нэмэлт шалган нэвтрүүлэх цэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 


Орос-Хятадын түншлэлийн өөр нэгэн чухал чиглэл бол хөдөө аж ахуйн салбар юм. Энэ талаар Оросын “Русагро” компани идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2 сая га газрыг эргэлтэд оруулснаар 10-15 сая тонн эрдэнэ шиш, шар буурцаг тариалж, Хятадад нийлүүлэхээр төлөвлөж байна. Хэрвээ Оросоос сүү болон гахайн мах нийлүүлэхэд тулгарч хориг саадыг арилгаж чадваас “Русагро” компани 5 сая тонн сүү, 1 сая тонн мах экспортлоход бэлэн байгаа аж. 


Хятадын COFCO корпорацийн ерөнхийлөгч Люй Цюнь Байгал нуурын цэнгэг усыг савлах үйлдвэр байгуулж, дэлхий даяар борлуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан байна.


Түүнээс гадна, целлюлозын үйлдвэрлэл, мод боловсруулах, био түлш үйлдвэрлэх зэрэг нь хэтийн ирээдүйтэй чиглэлүүд болохыг хоёр тал онцолжээ.


Өөр нэгэн анхаарал татсан хэлцэл бол, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хятадын Аlibaba групп болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, харилцаа холбооны “Мегафон” компани, интернет харилцаа холбооны Mail.Ru компани стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан компани байгуулж, Орос дахь хэрэглэгчдийн интернет болон цахим сүлжээний талбарыг нэгтгэхээр болсон явдал юм.


ОХУ-Япон


12-ны өдөр болсон “Орос-Япон” бизнесийн ярилцлагыг Оросын талаас “Деловая Россия” Бүх Оросын олон нийтийн байгууллагын ерөнхийлөгч А.Репик, Японы талаас ОХУ болон тусгаар тогтносон шинэ улсуудтай худалдааны хамтын ажиллагаа явуулах холбооны ерөнхийлөгч, Kawasaki Heavy Industries корпорацийн ТУЗ-ийн дарга Сигэрү Мураяма удирдан явуулж, хоёр талын бизнесийн хүрээний 400 орчим төлөөлөгч оролцлоо.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр талын хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүдийн үр дүнд Алс Дорнодын бүс нутаг нь Японы бизнесийн хүрээнийхэнд илүү ойр болжээ. Одоогийн байдлаар, тус бүс нутагт Японы оролцоотой 14 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Энэ оны 3 дугаар сард Алс Дорнод дахь Японы хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий платформ ажиллаж эхэлжээ. Уг үйл ажиллагааны хүрээнд 28,3 тэрбум долларын өртөг бүхий 10 төсөл хэрэгжих юм.


“Орос-Япон” бизнесийн уулзалт ярилцлагад Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко оролцох байсан боловч Хоккайдо аралд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Владивостокт ирсэнгүй. Учир нь, түүний удирдаж буй яам байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд гол үүрэгтэй оролцож байгаа юм.


Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үндэс суурь бол хоёр жилийн өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн санал болгосон “8 зүйл бүхий төлөвлөгөө” юм. Уг баримт бичигт эрчим хүч, жижиг, дунд бизнес, Алс Дорнодыг үйлдвэржүүлэх, экспортын бааз суурийг өргөтгөх зэрэг салбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тусгасан байдаг.  Төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр тусгасан 130 төслөөс 60 гаруй нь хэрэгжих шатандаа явж байна.


Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин-ий мэдэгдсэнээр бол, хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 20 орчим хувиар өсч, оны эцэст 21-22 тэрбум долларт хүрэхээр байгаа аж. 2019 он гэхэд Орос-Японы худалдааны эргэлт ОХУ-АНУ-ын худалдааны эргэлтээс давах төлөвтэй байна.


Бизнесийн уулзалтад оролцогчид тодорхой салбаруудад хэрэгжиж буй тодорхой төслүүдийн талаар ярилцлаа. Тухайлбал, Якутад 3 га талбай бүхий хүлэмжийн цогцолбор баригдсан тухай БН Саха улсын ерөнхийлөгч Айсен Николаев дурдлаа.


Mitsui & Co компанийн ТУЗ-ийн дарга Масами Иизима-гийн ярьснаар, металл болон хайлш, эрдэнэ шишийн экспорт, түүнчлэн “Сахалин-2” төслийн дагуу нийлүүлж буй түүхий нефть, шингэрүүлсэн хийн хэмжээ нэмэгдсээр байна.


Түүнчлэн 1 тэрбум доллар бүхий Орос-Японы хөрөнгө оруулалтын сан 2017 оны 9 дүгээр сард байгуулагдсан ба уг мөнгөнөөс 200 сая долларыг нь 3 төсөлд зарцуулаад байгааг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны захирлуудын зөвлөлийн дарга Тадаши Маэда хэллээ.


Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ