М.Дашдулам: Нийт нутгийн 30 хувьд мал өвөлжих боломжгүй

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-09-25 14:32:41
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/.  Мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдэл хийгээд цаг үеийн асуудлаар Төв аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдуламтай ярилцлаа.

-Өвлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн жил манай аймагт өвөлжилт хүндэрч 17 сум зудтай, 10 сум зудархуу нөхцөлд өвөлжсөн. Малын хорогдол тавдугаар сар хүртэл үргэлжилж 130 гаруй мянган том мал хорогдлоо. Энэ хавар аймгийн Засаг даргын нөөцөөс болон улсаас 50 хувийн хөнгөлөлттэй өвс тэжээл малчдад хүргүүлсэн.

Төв аймгийн хувьд мал аж ахуйн өвөлжилтийн  бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажилласнаар, өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвлийн бэлтгэл ажил 67 хувьтай байгаа. Ирэх сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар 27 суманд өвс, хадлан авах, отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах талаар Ажлын таван хэсэг гарч ажиллалаа. Удахгүй аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

-Бэлчээрийн даац аймгийн хэмжээнд ямар байгаа бол?

-Энэ жил нийт нутгийн 90 орчим хувьд зуншлага хэвийн, 10 хувьд дунд зэргийн байна. Үүнээс нийт нутгийн 42 хувь бэлчээрийн нөөцтэй, 21 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23 хувь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн, таван хувь нь 3-5 дахин хэтэрсэн, есөн хувь нь даац олон дахин хэтэрсэн зэрэг мэргэжлийн байгууллагын үнэлгээ гарсан.

Баянцагаан, Дэлгэрхаан, Заамар, Борнуур, Баян суманд бэлчээрийн даац гурваас тав дахин хэтэрсэн бол Зуунмод, Эрдэнэсант, Баян-Уул, Лүн суманд олон дахин хэтэрчээ. Бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа.

Тиймээс мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог буруулахаар ажиллаж байна.

-Энэ жил хэчнээн сая толгой мал өвөлжих тооцоотой байгаа вэ?

-Төв аймаг 2017 оны эцсээр 4.6 сая толгой мал тоолуулсан. Энэ хавар 1.3 сая мал төл хүлээж авлаа. Сүргийн эргэлтийн тооцоогоор хүнс, дотоодын зах зээлд нэг сая орчим толгой мал борлуулж, үлдсэн 4.8 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 8.6 сая толгой мал энэ жил өвөлжих тооцоо бий.

-Өвс, хадлан тэжээлийг нөөцөлж дуусаж байна уу?

Засгийн газрын тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөд 380 тонн өвс, 150 тонн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 10 мянган боодол буюу 200 тонн өвс, 130 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 50.7 тонн тэжээл нөөцөлсөн.

Хожуу ч гэсэн бороо их орсноос хангайн бүс нутгаар лууль, шарилж, нэг наст ургамлууд, говийн сумдаар таана хүмүүл зонхилон ургасан ч гэлээ хадлан бэлтгэх өвстэй нутаг ховор байна. Иймээс 500 гаруй хүнтэй, 50 трактор, 100 хадуур техник хэрэгсэлтэй хадлангийн 100 орчим салаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутагт ажиллаж байна.

- Хадлан бэлтгэх боломжгүй сумдад ямар зохион байгуулалт хийж байна?

Малын тэжээлд зориулж 28 мянга 58 тн ногоон тэжээлийг өвс, хадлан бэлтгэх боломжгүй тал хээрийн сумдад тодорхой үнээр борлуулна. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу малчин, мал бүхий иргэд 120.6 мянган тн хадлан 35.8 мянган тонн гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 26 мянган тонн өвс, 1500 тонн гар тэжээл бэлтгээд буй.

Мөн энэ жил малчин мал бүхий иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сум, баг, малчин, фермер гэсэн чиглэлээр нэг хонин толгойд таван кг гар тэжээл бэлтгэж, нөөцөлсөн сум бүрийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу урамшуулна.

-Худаг, ус усан хангамж, бэлчээр хамгааллын чиглэлээр?

-Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил 10 суманд 30 худаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 17 суманд 34 худаг гаргахаас улсын төсвөөр хийсэн худгийг хүлээгээд авчихсан. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр худаг гаргах ажил 30 хувьтай. Бэлчээр хамгааллын чиглэлээр өнгөрөгч хавар Байгаль орчныг хамгаалах сангаас долоон суманд оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан. Энэ намар улсын төсвийн хөрөнгөөр таван сумын 50 мянган га талбайд оготнотой тэмцэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Хэчнээн мянган толгой мал отроор өвөлжих тооцоо байна вэ?

-Хэрлэн-Баян-Улааны чиглэлд долоон сумын 199 өрхийн 182 мянга 79 толгой, Булган аймгийн Дашинчилэн, Хөх дэл чиглэлд дөрвөн сумын 89 өрхийн 66 мянга 271 толгой, өөр аймгийн есөн сумын нутагт 119 өрхийн 77 мянга 360 толгой, нийт 407 өрхийн 325 мянга 910 толгой мал отроор өвөлжинө.

Мөн 18 сумын 116 галын 21 мянга гаруй адуун сүргийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг руу алсын оторт гаргахаар малчид төлөвлөж байна. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас аймаг, сум бүрт тодорхой квот өгдөг. Үүний дагуу гэрээ хэлцэл хийхээр аймгийн удирдлагууд Хэрлэн-Баян-Улаан болон отрын бусад бүс нутгийг үзэх чиглэлээр ажиллаж байна.


Т.Есүхэйтөмөр


Холбоотой мэдээ