Хамгийн эртний шар айргийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-17 16:00:18
twitter.com/Nyamkanmk

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Дэлхийн хамгийн эртний шар айраг исгэгч болон 13 мянган жилийн тэртээх шар айргийн үлдэгдлийг Израилийн Хайфа хотын эртний түүхт агуйгаас оллоо гэж эрдэмтэд мэдээллээ.


Эрдэмтэд хагас нүүдэлчин анчдын оршуулгын газрыг судалж байх үеэр энэхүү олдворыг илрүүлсэн байна.


Шар айраг исгэх үйл явц 5000 жилийн тэртээгээс үүсэлтэй гэж өмнө нь таамаглаж байсан боловч энэхүү олдвор гарч ирснээр таамаг буруу байсныг нотолж магадгүй юм. Үүний зэрэгцээ талх барих болсноос шар айраг үүссэн гэх таамгийг олдвор няцааж магадгүй байна.


Эрдэмтэд талх, шар айраг хоёрын аль нь түрүүлж үүссэнийг одоогийн байдлаар хэлэх боломжгүй байгаа хэдий ч нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх зорилгоор шар айргийг исгэдэг байсан гэсэн таамгийг тэд дэвшүүлжээ.


Хүний гараар хамгийн анх бий болсон согтууруулах ундааны төрөлд энэ олдвор тооцогдож байна гэж Стэнфорд их сургуулийн профессор Ли Лю хэллээ.


Мөн тэрбээр, “Палеолит болон Неолитикийн үеийн хооронд амьдарч байсан Натуф хүмүүс ямар төрлийн ургамал идэж байсныг бид судалж байсан бөгөөд энэ үеэр улаан буудай болон арвайгаас үүсэлтэй энэхүү согтууруулах ундааны ул мөрийг олсон. Үүнийг агуйн шал руу ухсан 60 см гүн нүхнээс олсон”  гэж хэлэв.


Түүний мэдээлснээр, эртний хүмүүс уг нүхийг хоол хүнсээ хадгалах болон бэлтгэх зорилгоор ашигладаг байсан байна.


Энэхүү эртний шар айраг нь будаатай эсвэл ширхэгтэй бөгөөд орчин цагийн шар айргаас арай өөр харагдах ажээ.


Холбоотой мэдээ