Дорнодын театрын симфони оркестрыг МУУГЗ В.Боролдойн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-19 17:17:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын симфони оркестрыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдойн нэрэмжит болгов. Энэ шийдвэрийг тус театрын захиргаа, уран сайхны зөвлөлөөс  гаргасан байна. Хэдхэн хоногийн өмнө  70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн тус хамт олон театраасаа төрсөн гавьяатдаа хүндэтгэл үзүүлж буй нь энэ юм. 

1978 онд Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын Симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсанаар хөдөөд сонгодог урлагийн түүхийн  шинэ хуудсыг эргүүлжээ. Монголдоо гуравт тоологдох, хөдөөд цорын ганц гэгдэх Симфони найрал хөгжмийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой үүсгэн байгуулсан гавьяатай.

Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан симфони оркестртоо зориулж, 1978 онд “Цэнхэр дурдан алчуур” бүжгийн жүжгийн хөгжмийг бичиж байв. Энэхүү гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүрэн хэмжээний балетыг 1978 онд тавьснаар анхны бие даасан тоглолтоо эхэлж байсан тус оркестр эдүгээ өөрийн орны болон дэлхийн сонгодог 50 шахам хөгжмийн бүтээлийг тоглож, үзэгч түмнийхээ сонорыг мялаагаад буй.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ