Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-20 14:43:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт 2018 оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг дөрөв бүртгэгдэж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 10 болж өсчээ. Гэмт хэргийн хохирогчид 14-өөс дээш насны эмэгтэйчүүд бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн аж.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг хэмээн хуульчилсан 125 улс байдаг бөгөөд үүний нэг нь Монгол Улс. Хууль сурталчлах, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, нэг цэгийн үйлчилгээтэй түр хамгаалах байруудыг орон нутагт бий болгох зэргээр уг хуулийг хэрэгжүүлэх ажлуудыг одоог болтол хийсээр байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард Хэнтий аймгийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдад “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэл нь байнга давтагдаж, тогтвортой үргэлжилдэг, удах тусам давтамжийн зай ойртож, үйлдэл нь даамжирдаг төдийгүй хохирогч хүчирхийлэгч нэг дор амьдардаг аюултай. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд амь насаа алдаж, гэрлэлтээ цуцлуулж, сэтгэлзүйн хувьд түгшүүртэй, уур бухимдалтай, гутранги, өөртөө итгэлгүй болдог байна.

Сэтгэлзүйн байдлаасаа болоод хүчирхийлэл үйлдэх, зөрүүд авирлах,  архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, гэрээсээ дайжих, биеэ үнэлэх, бусдын эрх чөлөө, эрхэнд халдах гэх зэргээр хохирогчийн зан үйлд сөрөг нөлөөлөл бий болдог аж


Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд