12 иргэнд орон сууцны түлхүүр гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-20 15:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан газраа орон сууцны урьдчилгаа төлбөрөөр сольсон 12 иргэнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд орон сууцны түлхүүрийг нь гардуулав.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж буй юм.

Түлхүүр гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах”, “хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах” гэх мэт олон ажлууд авч хэрэгжүүлжүүлж эхэлсэн. Мөн зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорьж байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 ам дөрвөлжин метрээс доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 ам дөрвөлжин метрээс илүүгүй, нэг ам дөрвөлжин метр нь 2 сая төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм шаардлагатай юм.

Холбоотой мэдээ