Ерөнхий сайд чадварлаг ажилтнаа дэмжиж, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсээс төрөө цэвэрлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-21 12:34:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, шинэчлэлийг хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, энэ салбарын хууль тогтоомжийг сурталчлах зорилго бүхий “Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Шинэчлэгдэн байгуулагдаад нэг жил болж буй Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бодлогод эдийн засгийг сэргээн тогтворжуулах, засаглалыг сайжруулах замаар төрийн тогтолцоог хөгжүүлэх, гуравдугаарт хүнээ дээдэлж хөгжүүлэх асуудлыг тусгасан. Уг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын эдийн засаг 6.5 хувиар өсч, валютын нөөц гурван тэрбум ам.доллар, иргэдийн хадгаламж 9 их наяд болж өссөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөний эхэнд онцлов.




Тэрбээр, “Эдийн засаг сэргэж байгаа нь төрийн алба тогтворжиж байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан бодлого, төлөвлөгөө зөв байсны илрэл юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөн томоохон түлхэц үзүүлэх юм” гэв.

Уг зөвлөгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар илгээлт ирүүлжээ.

Төрийн алба ил тод, тунгалаг, нээлттэй байх ёстой бөгөөд албан хаагчдын ур чадвар, ёс зүй, ажлын бүтээлч хандлага нь иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяатай салшгүй холбоотой гэдгийг Ерөнхийлөгч илгээлтэдээ дурьджээ. Тэрбээр, “Миний бие нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэй уулзсан. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дийлэнх хувийг төрийн албаны хүнд суртал, үйлчилгээний чанаргүй байдал, албан тушаалтнуудын буруутай шийдвэртэй холбоотой байлаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр 13 мянга 885 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс 1370 нь төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн хэмээн тогтоогдсон байна. Иймд төрийн албанд мэдлэг боловсролтой, ашиг сонирхлын зөрчилгүй, зарчимч, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг авч, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Шинэ хууль мөрдөж эхэлснээр зарчмын нааштай өөрчлөлт гарах боловч төрийн албан хаагчдын ёс зүйн хандлага, сахилга, хариуцлагад тэр даруй өөрчлөлт гарахгүй гэдэгт анхаарах нь зүйтэй” гэжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлтээрээ дамжуулан удирдах албан тушаалтнуудад хэд хэдэн үүрэг өгсөн байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд мөнгө байхгүй, агентлаг байгуулах хэрэгтэй, орон тоо нэмэх ёстой зэрэг хэвшмэл сэтгэлээгээр хандахаа больж, өөрийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэг ашиглаж, асуудлаа шийдвэрлэж байхыг даалгажээ. Мөн бүх шатны төсвийн тэвчиж болох зардлыг танаж, төсвийг үр дүнтэй хувиарлах, эрх мэдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бус томилгоог зогсоохыг үүрэг болголоо. Түүнчлэн мэдлэгтэй, чадварлаг ажилтнуудаа дэмжиж, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсээс төрөө цэвэрлэхийг үүрэг болгоод энэ бүхэнд ямар нэгэн төсөв хөрөнгө шаардагдахгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.




Мөн үеэр УИХ-ын дарга М.Энхболд,Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдаас 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол ирүүлсэн байна. Энэ нь  Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр ихээхэн хуудуутай байгааг харуулж байгаа хэрэг. Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна. Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй. Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ.  Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас та бүхэн энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэлээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман төрийн албыг хөгжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар санал хэллээ. НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулахаар тусгасан бөгөөд үүний тулд улс орнуудад тогтвортой, хүчирхэг төрийн алба шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Хүчирхэг төрийн албыг бэхжүүлэхэд иргэн засаглалдаа итгэдэг байх нь туйлын чухал гэдгийг хатагтай Биата Транкман онцолсон. Тэрбээр, “Иргэн засаглалдаа итгэсэн үед өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй шийдвэрийг ч дагадаг. Харин итгээгүй бол хууль тогтоомжоос эхлээд бүгдийг үл тоомсорлоно. Тиймээс иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх нь чухал. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, албан тушаал дэвшүүлэх ажиллагааг шударга, ил тод байлгаж чадвал ажилнууд урам зориг, итгэл үнэмшил дүүрэн, ажлын бүтээмж өндөртэй байдаг. Удахгүй Монгол Улсын Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Мэргэжлийн, төвийг сахисан төрийн алба байгуулахад зөвхөн хууль, эрхзүйн орчин хангалтгүй. Улс төрчид ч өөрийн эрх ашгаа хойш тавьж, иргэдийнхээ төлөө ажиллах нь чухал” гэв.

УИХ, ЗГХЭГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй энэ хуралд бүх шатны төрийн байгууллагын 800 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна. Зөвлөгөөн маргааш буюу энэ сарын 22-нд өндөрлөх бөгөөд оролцогчдын санал, дүгнэлтийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг даган гарах дүрэм, журмуудад тусгах юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ