Ахмадууд бүтээлч хөдөлмөрөөр ойгоо угтав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-22 22:59:53

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хорооны түүхт 30 жилийн ой есдүгээр сарын 21-нд тохиов. Түүхэн ойгоороо ахмадууд баярын хурлаа хийж, ололт амжилтаа дүгнэж, аймгийнхаа музейг үзэж сонирхосноос гадна өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ  үзэсгэлэн гаргаж бүтээлч хөдөлмөрөөр баяраа тэмдэглэлээ.

Мөн Сайнцагаан сумын иргэн Ц.Лхүндэвдоржийн цуглуулж, нэгтгэсэн судалгаа, ном товхимлын үзэсгэлэнгээр үзэж сонирхсон байна.

Хүндэтгэлийн хурлын үеэр Ахмадын хорооны дарга Ц.Сугир,“Аливаа ойн баяр  урт удаан хугацаандаа биш, бүтээсэн ололт амжилт, хүрсэн үр дүнгээ үнэлж, дүгнэж бататгах, алдаа оноогоо дахин давтаж гаргахгүй байхын сургамж. Цаашид ахмад настны нийгмийн хамгаалал, халамжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн  оролцоог хангаж ажиллах шаардлагатай” гэв.

Баярын өдөр эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан”, Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан, Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн Засаг даргын жуух бичиг, Нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” медаль, Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух бичиг”, Сайнцагаан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр нийт 39 ахмад шагнуулав. Харин  Ахмадын хорооны “Хүндэт дэвтэр”-ийн гэрчилгээг ахмад настан Ц.Дэлгэрбуян, З.Нарансосор, Ж.Наранчимэг, Г.Цэрэндорж, Т.Мөнхцэцэг, Ц.Бүтэнсайхан нар гардав.

 Д.Алтантогос

Холбоотой мэдээ