Иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-24 11:26:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн болор цайх эмгэгтэй долоон иргэнд Эрээн хотын эмч нар  үнэ төлбөргүй нүдний болор суулгах мэс заслыг  есдүгээр  сарын 19-нд  хийлээ.

Мэс заслыг  Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хамтын ажиллагааны хүрээнд хийжээ. Мөн 2017 онд болор цайх эмгэгтэй 10 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй амжилттай хийж байсан бөгөөд нүдний болор цайх эмгэгтэй иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн хяналтад орсноор мэс засалд орох боломжтой юм.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар БНХАУ-ын Эрээн хотын Эрүүлийг хамгаалах газартай 2018 оны гуравдугаар сард шинээр байгуулсан гэрээнд Дорноговийн иргэдэд нүдний болор шилжүүлэн суулгах хагалгааг үргэлжлүүлэн хийхээс гадна, ардын эмнэлэг, сэргээн засах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг урт богино хугацаанд сургалтад хамруулах, аялуулах, Эрээн хотын эмч нарыг орон нутагтаа урих, санал солилцох, туршлага судлах зэрэг  хамтран ажиллах зүйлийг тусгасан аж.

Нүдэнд  болор суулгах хагалгааны үеэр  “Гэрэлт Зам” сайн үйлсийн аяны нээлтийн арга хэмжээ Эрээн хотын төв эмнэлэгт болж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон холбогдох агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагууд, эмнэлгийн эмч, ажилтнууд эмчлүүлэгчид оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ