“Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-26 14:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Орон нутгийн өмчит хаалттай ХК-иудын хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэж авах, гудамж, цэцэрлэгт хүрээлэн шинээр нэршүүлэх болон "Хангарьд" одонгоор шагнах гэсэн 5 асуудлыг хэлэлцэж тогтоол гаргав.

“Нийслэлийн орон сууцны корпораци”, “Олон улсын худалдааны ложистик төв” хаалттай ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох асуудал дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Тухайн компаниудын ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь хараат бус гишүүд байх Компанийн тухай хуулийн заалтыг мөрдөхдөө мэргэжлийн, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг томилох, ингэхдээ хуулийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж дураар авирлах ёс зүйгүй байдал гаргахгүй байхыг сануулж байв. “Хэрэв ийм байдал гаргаж байна гэдэг нь төрийн өмчит компаниудад танил талын, өөрийн төлөөллийн хүмүүсээ ар, өврийн хаалгаар оруулж байна гэсэн үг. Ийм байдал гаргахгүйгээр төрийн ажил дэг журам, хууль ёсны дагуу, албан ёсоор шударга явагдах учиртай” гэдгийг онцлож байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, “НОСК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр  нэр дэвшсэн Б.Хонгор, Ц.Амарсанаа, “Олон улсын худалдааны ложистик төв”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшиж буй Ш.Алтанчимэг нарыг АТГ-аар шалгуулж ашиг сонирхолын зөрчилгүйг тодорхойлуулсан, эрхзүйч, санхүүч, даатгалын мэргэжлийн хүмүүс байгаа” гэж танилцуулснаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор  нэр дурдсан хүмүүсийг хэлэлцэн батлав.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Баганат өргөө", "Гангар инвест" ХХК-иудын барьж, ашиглалтад оруулж буй ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх асуудал байв. Үндэсний батлан хамгаалахын их сургууль орчимд байгуулсан энэ төвийг нийслэл болон Хөгжлийн банкны 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Уг инженерийн байгууламжийг "Орон сууц,нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулах тогтоолын төслийг мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулсан юм.

Тэргүүлэгч Б.Батнасан тогтоолын төсөлтэй холбоотойгоор, “Ямар нэг байгууллагын дансанд хөрөнгө бүртгэхдээ ашиглалт, арчлалтын зардлыг нь хаанаас гаргахыг тооцож, тухайн байгууллагын удирдлагаас санал асууж байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шинээр ашиглалтад оруулж буй хөрөнгийг эзэнгүйдүүлж болохгүйг анхааруулснаар Тэргүүлэгчдийн санал хураалтаар ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг өмчид бүртгэн авлаа.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ