Багшийнхаа “гавъяат” цолыг тоглолтоороо мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-26 16:26:40

Дундговь/МОНЦАМЭ/. Ази, Дорно дахины туульч, ерөөлч магтаалч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Цэрэнчимэдийн “Гавъяат” цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээ есдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо боллоо. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын 40 гаруй авъяаслаг хүүхдүүд өөрсдийнхөө тоглолтоор багшдаа бэлэг барьжээ.

Дундговь аймгийн Луус сумын уугуул соёлын биет болон биет бус өвийг тээгч Монгол Улсын гавьяат жүжигчин Х. Цэрэнчимэд 15 насандаа аймгийн  арь өнгөний эмнэлгийн лабораторид шил угаагч хийж хөдөлмөрийн гараагаа  эхэлж байжээ.

Тэрээр 16 насандаа их урлагт хөл тавьж 1958 оноос Дундговь, Дорноговь аймгийн театрт бүжигчин, жүжигчин, хөгжимчин,  Монголын зохиолчдын эвлэлийн хорооны  дэргэдэх үлгэрийн танхимд үлгэрч, туульч, Эртний сайхан” чуулгад жүжигчин, гэрлэх ёслолын ордонд ерөөлч, магтаалч, кино урлагийн “Бэрс” дээд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарч, төрөлх аймагтаа ирж ажиллаж байгаа юм.

Тэрээр “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт язгуур урлагийн дугуйланг зургаа дахь жилдээ хичээллүүлж, өөрийнхөө байгалиас заяасан урлагийн их авьяас, чадвар, соёлын  их өвийг хойч үедээ өвлүүлж  яваа ачтай буурал юм.

Түүний 50 гаруй жил урлагт тэртусмаа үндэсний язгуур урлагийг хөгжүүлэхэд  оруулсан хөдөлмөр, авьяас билиг, амжилт бүтээлийг төр засаг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 онд Монгол Улсын гавъяат жүжигчин гэх хүндтэй алдрыг хүртээсэн.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Д.Алтантогос  

Холбоотой мэдээ