Цэргийн насны залуус дотор, халдвар, мэдрэл харшлын өвчнөөр өвдөх нь нийтлэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-27 10:12:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаа хааж хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг аравдугаар сарын 01-12-нд зохион байгуулахаар товложээ. Баянхонгор аймгийн энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын өргөтгөсөн семинар аймгийн ЗДТГ-т болов.   

Семинарт аймгийн Цэрэг татлагын товчооны  дарга, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, орлогч дарга Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, аймгийн ЭМГ-ын дарга А.Ганболд, Нэгдсэн эмнэлгийн дарга Баттогтох, аймаг, сумын ЗДТГ-ын дарга, ЭМТ-ийн дарга, багийн эмч нарын төлөөлөл оролцож, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн мэдээллийг сонслоо.

Энэ оны эхний найман сарын байдлаар цэргийн насны залуусын эрүүл мэндийн талаарх мэдээллийн нэгдсэн санг үүсгэн ажиллаж буй бөгөөд залуус 18, 19 насандаа цэрэгт явах хүсэл, эрмэлзлэлтэй байдаг ч ямар нэг өвчний улмаас хасагдсан тохиолдолд дахин цэргийн албанд явахыг хүсэхгүй, зугатаах хандлагатай байдаг гэсэн судалгаа гарчээ.

2017 оны цэрэг татлагын нэг, хоёрдугаар ээлжээр нийтдээ 2000 гаруй залуу үзлэгт хамрагдахад  тэдний 20 гаруй хувь нь тэнцэж, үлдсэн 80 орчим хувь нь эрүүл мэнд, боловсролын шалтгаанаар тэнцээгүй аж. Цэргийн насны залуусын дунд дотор, халдварт, мэдрэл, ЭХО, арьс харшил, чих, хамар хоолой, нүд, шүд, мэс заслын өвчлөл өндөр байна.

Харин 2017 оны I, II, 2018 оны I ээлжийн цэрэг татлагад залуус ямар  өвчний улмаас тэнцээгүй  тухай аймгийн хэмжээний  тодорхой нэгдсэн судалгаа байхгүй аж. Мөн боловсролын байдлаар цэрэгт тэнцэхгүй байх явдлыг арилгах зорилгоор Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, царгийннасны зарим залууст боловсрол эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллах шаардлага байгааг албаныхан онцлов. 

Холбоотой мэдээ