Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-27 16:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос хагас зуун жил буюу 50 жилийн тэртээ 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хойд Америкийн Мексик улсын Мехико хотноо зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр анх удаагаа Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандсан түүхтэй.


Олимпийн наадам бол Олон улсын олимпийн хорооны олон шалгуур үзүүлэлтээр шигшигдэн сонгогдсон улс орон 8 жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж байж, 4 жил тутамд ганц удаа зохион байгуулдаг хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн спорт, биеийн тамирын хамгийн том баяр наадам юм. НҮБ-д гишүүнээр элсээд Бүрэн Эрхээ тунхаглаад удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа оролцсон бөгөөд 1968 оны Мехикогийн олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон. Тус олимпийн наадмын 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпийн хүрэл медалийн эзэд болсон бол Ж.Мөнхбат олимпийн наадмын анхны мөнгөн медальтан Монгол Улсын иргэн болж байсан билээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсаас олимпийн аваргын алтан медальтан хоёр, олимпийн мөнгөн медальтан 10, олимпийн хүрэл медальтан 14 нийт 25 хүн /олимпийн алт, мөнгөн хос медальт Н.Түвшинбаяр/ олимпийн медаль хүртээд байгаа юм. Монгол Улсынхаа нэрийг олимпийн тэнгэрт мандуулсан олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлийг энэхүү түүхт ойг угтаж он дарааллаар нь цувралаар хүргэж байна.


1. 1968 Мехико Ч.Дамдиншарав


Монголоос төрсөн олимпийн анхны медалийн эзэн


Монголын чөлөөт бөхийн төдийгүй их спортын алтан үеийн тамирчин, дасгалжуулагч, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, Мехикогийн XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг жингийн  хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншаравыг монголчууд андахгүй сайн мэднэ.  Хагас зуун жилийн тэртээ Монгол Улсаас төрсөн олимпийн медальтнуудын анхны салхийг хагалсан  Ч.Дамдиншарав багш Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч /1978-1986 он, 1996-2004 он/-аар 16 жил ажилласан юм. Хагас зуун жил чөлөөт бөхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан Ч.Дамдиншарав багштай  хөөрөлдсөн яриаг сонирхуулъя.

 

- Монгол Улс "Олимп" хэмээх  их айлд нэгдэж, 1964 онд Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа оролцсон. Та энэ олимпийн наадамд оролцож байсан үеэ дурсана уу?


 - Монгол Улс 1962 онд ОУОХ-ны гишүүн болсон. Манай улсын баг тамирчид анх удаа 1964 оны Токиогийн XVIII олимпийн наадамд чөлөөт бөх, дугуй, хөнгөн атлетик, буудлагын спортын төрлөөр хүч үзэхээр очиж байлаа. Тэр үед чөлөөт бөх 7 жинтэй байсан. Манай улсаас  Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, том Санжаа, Эрдэнэ-Очир арслан, жижиг Санжаа, Сүхбаатар болон миний бие явсан юм. Энэ наадамд Ж.Мөнхбат аварга гурван тойрогт ялж VII байрт орсон нь бидний хамгийн өндөр амжилт байлаа. Би нэг тойрогт хийлж, хоёр ялж, хоёр ялагдаж VIII байрт шалгарсан. Энэ нь бас тухайн үедээ анхны олимп гэдэг утгаараа том амжилт гэж үнэлэгдэж байв.


-Тэр үед та хэдэн настай байв, тухайн үед монгол хүн анх удаа олимпийн наадамд тэр дундаа хөрөнгөтөн оронд очиж оролцоход их л сонин байсан байх даа?


 -Би 19 настай хүүхэд байлаа. Монголчууд анх удаагаа XX зууны соёл иргэншлийн нэгэн том наадамд оролцоход үнэхээр гайхалтай шинэ ертөнцийг харсан. Тухайн үед хоёр өөр систем, хоёр өөр үзэл суртлын болон нийгмийн ялгаанаас шалтгаалаад Япон орны хөгжлийг хамаагүй магтаж болохгүй, үнэнийг хэлэх боломжгүй үе байсан. Хөгжил, соёл гэж юу байдгийг тэнд л харсан даа. Тэр үеийн нийгэм маань амаа хамхиад л явахаас аргагүй байж. Анхны олимпийн наадамд би 60 кг-аас  52 кг-д жин хасч хүч үзсэн. Ёстой л залуу насны ааг омгоор л өлсөж цангахыг ч мэдэхгүй л барилдаад ирсэн.


-Тухайн үеийн нийгмийн тогтолцоо огт өөр байлаа, энэ талаар эргэн дурсвал?

-1964 оныг 1990 оноос хойших нийгэмтэй харьцуулахад социалист нийгэм нь нэг намын үзэл суртлаар л хүний тархийг угааж орхисон учраас хүн бүхэн нэгэн хэвэнд цутгасан мэт эрх чөлөө, ардчиллын талаар юу ч мэдэхгүй. Одоогийн энэ Куба, БНАСАУ-ын иргэд шиг л байлаа. Зөвхөн ЗХУ, социалист орны хүмүүстэй л харьцаж болно. Америк, Япон улсыг хөрөнгөтөн, дайсан мэт үздэг байлаа шүү дээ. Өнөөдөр эргээд бодоход тун ч харамсмаар төдийгүй үнэхээр хүний эрх чөлөө хязгаарлагдмал байсныг хүлээн зөвшөөрдөг юм. 

-Та анх чөлөөт бөхийн спортод хөл тавьж байснаа эргэн дурсана уу?

-Хэрвээ чөлөөт бөх гэж спорт байгаагүй бол бид өдийд ингэж яваач уу, үгүй ч үү! Бага жинтэй бидний хувьд ядаж 70-80 кг жинтэй бол үндэсний бөхөөр барилдаж сумын начин, заан, магадгүй сайн бэлтгэл хийгээд аймгийн начин цолтой л байх байсан болов уу. Дэлхийн их спорт Монголд үүсч хөгжсөнөөр эх орныхоо нэрийг мандуулах хувь заяа бидэнд тохиосон гэж омогшиж, бахархаж явдаг. Би техникумын I дамжаанд байхдаа Хоршоолол нийгэмлэгийн зааланд үндэсний бөхөөр 40-өөд хүүхдийн хамт хичээллэдэг байв. Тухайн үед дасгалжуулагчгүй, дэвжээ байхгүй байж. Тэнд бид бараг 6 сар барилдсан. Яг тэр үед чөлөөт бөхийн секц дөнгөж эхлээд л хүмүүс чөлөөт бөх гэж шалдан бөх байдаг гэж ярих болсон. Тэгээд бид тэр бөхийг очиж үзье гээд СТО-д очлоо. Тэгсэн аягүй гоё биетэй том хүмүүс бэлтгэл хийж байна. Биднийг шагайгаад харж байсан чинь наад үүдээ хаа гээд хааж орхилоо. Тэгэхээр нь бид цонхоор харлаа, нөгөө хүмүүс янз бүрийн дасгал хөдөлгөөн хийгээд л үнэхээр гоё юмаа. Тэгээд бэлтгэл дуусахыг хүлээж байгаад багшийг нь сураглалаа. Цэрэндагва гэж хүн бий гэж байна. Тэнд нэг шар царайтай хүн цэргийн хүн шиг гутлаа чамбай ороогоод л өмсөж байна. Их л дэгжин хүн юмаа. Түүнээс та Цэрэндагва багш мөн үү гэсэн чинь үгүй гэж байна. Баруун тийшээ налсан халимагтай шар хүн байдаг гэдгийг сураглаж мэдлээ. Бид хичээлээ ч ойлгохгүй, яаж тэр хүмүүс шиг бэлтгэл хийх вэ гэж хэд хоног л бодсон. Дахиад л очлоо. Тэгсэн нөгөө шар хүн байнаа. Тэгсэн тэр хүн нь Д.Сэрээтэр байсан юм билээ. Бас нэг шар хүн байнаа, тэр хүмүүст юм заагаад байх юм. За энэ хүн багш нь болж таарлаа. Тэгээд долоо наймуулаа бэлтгэл дуусахыг хүлээж байгаад уулзлаа. Бид чөлөөт бөхөөр хичээллэх гэсэн юм гэлээ. Тэр үеийн залуус бакал гутлаа гармошиглаж өмсдөг, үсээ урт ургуулдаг байлаа. Тэгсэн наад гутал, хувцас, үснээс чинь харахад та нар хулиганууд байна гээд шууд загнаж байна. Бид дуугүй л байлаа. Та нар бөхөөр хичээллэе гэвэл эхлээд наад хувцас, үсээ засуул гэлээ. Спорт хүнийг хүмүүжүүлдгийн нэг жишээ энэ. Бид ч маргааш нь үсээ засуулаад, хувцсаа янзлаад ирлээ. За та нарыг шалгана гэлээ. Тэнд бэлтгэл хийж байгаа 30-аад хүүхэдтэй барилдлаа.Тэгсэн нөгөө хүүхдүүд чинь бидний гар хөлийг  хавчаад, хүзүү мушгиад баллах нь ээ. Маргааш нь бидний хамаг бие хөшөөд л, бүгдийнх нь  хүзүү гилжийж орхисон учраас хэд хоног бэлтгэлд ирж чадсангүй. Тэгээд хүзүүгээ гайгүй болохоор очлоо. Яагаад 3 хоног алга болов, та нарыг авахгүй гэснээ, за яахав дараагийн 7 хоногт дахиж шалгана гэв. Бид сургууль дээрээ очоод биеийн тамирын багшдаа чөлөөт бөхөд орох гэсэн чинь авах, авахгүй нь мэдэгдэхгүй байна гэлээ. Багш, та нар амьсгалаа задал, гүй гэж байна. Тэгээд биднийг Маахуур толгойн оросын оршуулгын газрыг 10 удаа тойруулж гүйлгээд бас барилдуулав. За одоо амьсгал чинь задарсан, очоод шалгуул гэж байна. Тэгсэн нэлээн том хүүхдүүдтэй барилдууллаа. Тэд хотын хүүхдүүд байсан. Нэг нь дуучин Зоригоо байж билээ. Би гурван хүүхэдтэй барилдаад бүгдийг давж орхилоо. Манай ангийн хоёр найз давж чадсангүй. Би л ганцаараа тэнцсэн бололтой. Тэгээд багш намайг, чи нөгөөдөр хүрээд ир гэж байна. Би ч дотроо баярлаад л, харин хоёр найз маань дуу муутай л гарч явж билээ. Ир гэсэн өдөр гурвуулаа яваад  очлоо. Би найз нараа дахиж шалгаад аваач гэж гуйлаа. Найз нар чинь арай болоогүй гээд халгаасангүй. Ингэж л би анх чөлөөт бөхөд хөл тавьсан түүхтэй.


-1968 оны Мехикогийн олимпийн наадамд хамгийн хөнгөн жинд /52 кг/ барилдсан болохоор баг тамирчдынхаа медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа төрийн  далбааг анх удаа олимпийн тэнгэрт мандуулж байсан яг тэр агшинд танд юу бодогдож байв?


-Ер нь бид медаль авна гэсэн зорилго тавьж, үүрэг аваагүй юм. Харин Мөнхбат аварга 1967 оны Делигийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль авчихсан байсан. Бид шагналт байрт орох боломж бий гэж л үзэж байлаа. Мехико хот далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөр газарт оршдог. Тэгээд бид Отгонтэнгэрийн амралтанд очиж бэлтгэлээ хийсэн маань маш их нөлөөлсөн. Тэнд бэлтгэл хийхэд хүнд байсан хэдий ч өндөр уулын нөхцөлд дасан зохицож огт амьсгаадахгүй, ядрахгүй сайн бэлтгэл болсон. Тэгээд эх орныхоо хөрсөн дээр бэлтгэлээ базааж, тухайн үедээ л хоол унд хангамж нөхцөл нь ч сайн байлаа. Одоо ч би монгол бөхчүүдэд ивээлээ хайрласан Отгонтэнгэр хайрхандаа сүслэж биширч явдаг юм. Отгонтэнгэртээ бэлтгэлээ базаасны үр дүнд Мехикогийн олимпийн дэвжээнд гарч бид дөрвөн медаль хүртсэн гэж боддог.


          -Тухайн үед тантай хамт барилдаж явсан хүчтэй, бяртай, авхаалжтай, эрэмгий нөхдийн талаар эргэн дурсана уу?


          -Тэр үед чинь бид бүгд л хөдөөний хүүхдүүд байлаа. Бид эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан амжилт үзүүлнэ, аварга болно, гавьяат тамирчин болно гэсэн хүсэл зорилготой хүүхдүүд байж. Эх орон, нам засгийн төлөө гэсэн тухайн үеийн үзэл суртал, хүмүүжил ч нөлөөлсөн. Хамгийн эхний хөнгөн жингийн бөхийн хувьд надад бусдынхаа амжилтын салхийг хагалах үүрэг оногдсон. Би долоон тойрог барилдаж тавд нь ялсан. Японы бөх олимп, дэлхийн аварга Наката, Америкийн бөх дэлхийн аварга Сандерс бид гурав үлдсэн. Би хамгийн сүүлд Германы бөхийг ялж хүрэл медаль аваад дэвжээнээс буухад манай нөхөд, чи ёстой бидний салхийг хагаллаа гээд намайг тэвэрч аваад л бөөн баяр болсон. Мөөеө аварга чинь одоо ёстой нэгийгээ үзнэ гээд хана цохиод л, харин Сэрээтэр бол таг чиг, Артагийн хувьд ч дуугүй л түгшсэн хүнд байдалтай байсан. Ямар ч байсан миний медальд хүрсэн нь ард байгаа гурван бөхдөө ялна, чадна гэсэн их урам зориг өгсөн. Тэгээд ч тэд бүгдээрээ авах гэсэн медальдаа хүрсэн. Хожмын хойно одоо эргээд бодоход би ямар ч байсан нөхөддөө медальд хүрэх урмыг өгсөн хэмээн бахархдаг. 2008 оны Бээжингийн олимпоос дөрвөн медаль хүртэж Мехикогийн олимпийн энэ амжилтыг 40 жилийн дараа давтлаа шүү дээ. Гэхдээ Бээжинд өнгийг нь хувиргаж хоёр алт, мөнгөн медаль авлаа.



 -Тухайн үед Монгол бөхчүүдийн тухай гадаадын хэвлэлээр шуугиж байсан гэдэг?


-Тэр үед чинь манайд бэлтгэл хийгээд халуун ус байхгүй. Саун бол бүр байхгүй. Бэлтгэл дуусаад хөлстэйгөө л хувцсаа өмсөж орхидог болохоор хүзүү, гэдэс, нуруу хатигнаас сална гэж байдаггүй байлаа. Тийм л хүнд хатуу нөхцөлд бэлтгэл хийдэг байж. Махнаас өөр олигтой сайн чанарын амин дэм, шим тэжээлтэй юм байгаагүй гэж болно. Одоо бол манай тамирчид дэлхийн шилдэг тамирчидтай адилхан л Америк, Японд үйлдвэрлэсэн хүнс, тэжээл, амин дэмийг ууж, идэж, хэрэглэж байна. Тухайн үед поливитамин, хуурай глюкоз л бидний амин дэм байлаа. Ний нуугүй хэлэхэд тарган хонины махаа иднэ. Үнэндээ бол монгол хүний  эрэмгий дайчин чанараараа олимпийн медаль авсан. Нөгөө талаар Монгол Улсыг хэн ч мэдэхгүй байсан үе. Монголчууд гэнэт л олимпийн дөрвөн медаль хүртэхэд дэлхий дахин үнэхээр гайхаж байсан. 1945 оноос хойш Монгол Улсыг дэлхий дахинд таниулж, мандуулсан хоёр том үйл явдал байдаг. Энэ нь 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн, 1968 онд Монголын тамирчид олимпийн наадмаас дөрвөн медаль хүртсэн үйл явдал юм.


-Та олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн гавьяа зүтгэлээрээ Ардын багш хэмээх хүндтэй цолтон болсон. Шавь нарынхаа тухай ярина уу?


-Би 1970 онд зүүн гарын шөрмөсөө таслаад хүнд бэртэл авч нэг жил барилдаагүй. Нас залуу дөнгөж 28 настай байлаа. Барилдах гэж хичээсэн ч болохгүй байсан. Одоо ч энэ зүүн гар мэдээ муутай. Гэхдээ бас гар муу хэдий ч 1972 оны Мюнхены олимпийн наадамд сонгомол бөхийн төрлөөр оролцсон. Харин чөлөөтөд М.Хойлогдорж барилдсан. Би УБДС-ийг 1970 онд төгссөн. Тэгээд шигшээ багийн багш нар намайг дасгалжуулагч хийх авьяас, боломжтой гэж үнэлж, Биеийн тамир спортын төв зөвлөлөөс шууд л Алдар нийгэмлэгт дасгалжуулагчаар томилсон. Ер нь аль ч улсын арми нь хамгийн хүчтэй баг тамирчдыг бэлтгэдэг жамтай. Тухайн үед ЗХЖШ-ын дарга Ёндон генерал надад дэслэгч цол өгөөд л Зэвсэгт хүчний "Алдар" нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллуулсан.  Тэгээд би 1978 он хүртэл ажиллахдаа хэний ч танихгүй сайхан залуучуудыг олж өөрийн гараар бэлтгэн дасгалжуулж улсын шигшээ багийг бүрдүүлнэ гэсэн нэг л зорилго тавьсан. Энэ хугацаанд үндэсний  бөхөөр дархан аварга, аварга болон улсын цолтой бөхчүүд төрсөн. Чөлөөт бөхөөр улсын шигшээ багийн нөөц олон тамирчдыг бэлтгэж гаргаж чадсандаа баярлаж явдаг.


-Тэднээсээ нэр дурдвал ямар вэ?


-Дархан аварга Цэрэнтогтох Азийн тоглолтын анхны аварга. ДАШТ-ий медальт Н.Бүргэдаа, Д.Оюунболд, Б.Болд, А.Баатархүү, Гочоосүрэн нарын 10 гаруй шилдэг бөхийг өөрийн гараар бэлтгэж улсын шигшээ багийн нөөцийг бэлтгэсэн. Тэгээд миний хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1978 оны VI сард томилж ажиллуулсан юм.

-Чөлөөт бөхийн эцэг О.Цэрэндагва болон Зууны манлай дасгалжуулагч Солийн Магсар багшийн талаар та юу хэлэх вэ?


-Чөлөөт бөхийн эцэг О.Цэрэндагва болон Зууны манлай дасгалжуулагч Солийн Магсар багшийн талаар та юу хэлэх вэ? 

       

-Миний бөхийн анхны дасгалжуулагч бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багш. Энэ багш намайг анх таньж бөхөд оруулж 3-4 жил энэ хүний удирдлага дор байж шигшээ багийн тамирчин болсон. Цэрэндагва багшийг залгаж С.Магсар багш ажилласан. Гадаадад дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн анхны хүн бол Магсар багш байлаа. Манай Магсар багш бол Монголын төрийн зүтгэлтэн хүний хүү. Түүний ээж Соль гэж Гадаад худалдааны яамны сайдаар ажиллаж байсан. Сүүлд Румын улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байлаа. Тухайн үед чинь манай шигшээгийн бөхчүүд чинь бүгд л хөдөөний хүүхдүүд байсан болохоор хувцсаа яаж өмсөхөөс эхлээд Магсар багш л  европ соёлыг бидэнд зааж сургасан хүн. Бид алтан үеийн тамирчид бол Магсар багш алтан үеийн дасгалжуулагч. Түүнийг дасгалжуулагч байхад 1974,1975 онд Х.Баянмөнх, З.Ойдов нар Дэлхийн аварга болсон гээд олон дээд амжилтыг гаргаж байлаа. Багшийг 1978 онд алдаа гаргасан гэж Намын төв хорооноос арга хэмжээ авсан. Алдаж эндсэн юм байгаа л байх. Гэхдээ Магсар багшийг ажлаас нь халж, одон медаль, гавьяат цолыг нь хурааж, нутаг зааж, намаас хөөж нэг дор дөрвөн том арга хэмжээ авч хэлмэгдүүлсэн нь үнэхээр түүнд сэтгэл зүйн маш том цохилт, дарамт болсон нь мэдээж. Ийм зүйл дахин бүү давтагдаасай л гэж боддог.


-Та тамирчин байх үеийнхээ нөхдөө одоо эргээд дурсвал ?




-Х.Баянмөнх аварга, гавьяат дасгалжуулагч Намшир, бид гурав хамтдаа 1962 онд шигшээ багт орж байлаа. Бидний өмнө Ж.Мөнхбат аварга, Д.Сэрээтэр, том Санжаа, жижиг Санжаа, Сүхбаатар, Ө.Эрдэнэ-Очир арслан Болгар улсад бэлтгэгдсэн анхны шигшээ багийн гишүүн болчихсон байсан.

Биднийг залгаад Т.Артаг, Ц.Нацагдорж, З.Ойдов нар шигшээд орж ирсэн. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үе болж явсан даа үнэхээр бахархдаг. Тухайн үедээ бид хэнийгээ ч ямар амжилт гаргахыг мэдэхгүй л байж. Харин хожмоо эргээд харахад Монголын од болсон, агуу хүмүүс болжээ. 


-Таны төрсөн дүү Ардын багш цолоор хөдөлмөрөө үнэлүүлсэн, жүдогийн олимп, дэлхийн аварга төрүүлсэн олны танил дасгалжуулагч гэдгийг монголчууд мэддэг. Нутаг ус, аав, ээж, ах дүүсийнхээ талаар ярина уу?


-Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин айлын хүүхэд. Миний өвөө Содномцэрэн гэж манай аймгийн ганц хутагт хувилгаан хүн байсан. Өвөө 1939 онд хэлмэгдэж буудуулсан. Аав маань лам хүн бас л хэлмэгдэж таван жил шоронд сууж байлаа. Бид эхээс наймуулаа дөрөв нь эрэгтэй. Би гурав дахь хүү нь. Тухайн үедээ хөдөөгийн хүнд хэцүү амьдралыг туулсан л айлын хүүхэд байжээ. Аймаг, цэргийн цолтой бөх аав, ээжийн аль аль талд байсан. Бурхнаас заяасан хишгээрээ л бид бөхтэй амьдралаа холбосон гэж боддог. Тэгээд би 1960 онд сумынхаа долдугаар анги төгсөөд Улаанбаатарт Худалдааны техникумд оюутан болсон. Тэгээд үндэсний бөхөөр барилддаг хүүхэд байхад Цэрэндагва багш намайг олж харж чөлөөт бөхийн хүн болох зам руу хөтөлж оруулсан. Хожмоо 1967 оны үед шигшээ багийн цалинтай тамирчин болоод Насантогтох дүүгээ наймдугаар ангид байхад нь  хажуудаа авчирсан. Насаа надаас дөрөв дүү. Хамт байхдаа чөлөөтөөр барилдуулж 1968, 1969 онд дүү маань Улсын залуучуудын АШТ-ээс хоёр удаа мөнгөн медаль авч залуучуудын шигшээ багт орсон. Тэгээд Насаа 10 дугаар ангиа төгсөөд УБДС-д оюутан болсон. За дүү минь миний хэмжээний барилдах авьяас нь дутуу байна. Тийм болохоор гадаадад явж бөхийн дасгалжуулагч бол гэсэн. Тэгээд 1970 онд Москва хотын биеийн тамирын дээд сургуульд шалгалт өгөөд тэнцсэн. Тэр үед олон залуус чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжил эзэмшихээр ОХУ-ыг зорьсон. Би оюутан байхад нь дүүдээ удахгүй би дасгалжуулагч болох гэж байна. Чи шинэ бөхийн спортын дасгалжуулагч бол гэсэн. Насаа Москвад оюутан байхдаа самбо бөхийг үндэслэгч Чумаков агуу багшийн шавь болсон нь бас азтай хэрэг шүү. 1974 онд сургуулиа төгсөж ирээд  л шууд самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч болсон. "Ах нь олимпийн анхны медалийг эх орондоо авчирсан, чи бол олимпийн анхны аварга, жүдо бөхийн Монголын анхны дэлхийн аваргыг төрүүлсэн азтай хүн" гэж дүүгээрээ бахархан өөрт нь хэлдэг юм. Насаа надад нэг удаа тоглоомоор "Ахаа та надаас өмнө 1971 онд гавьяат болсон, би 1987 онд гавьяат болсон, харин та Ардын багш цолыг надаас дөрвөн сарын дараа авсаны хувьд та надаас дүү шүү" гэж хэлж инээлдэж байлаа. 


-Та гэр бүлээ уншигч олон түмэндээ танилцуулна уу. Үр хүүхэд, ач гуч олуулаа биз?

          

-Би шигшээ багийн тамирчин, оюутан байхдаа эхнэртэйгээ танилцсан. Би чинь тамирчин учраас хичээлд сууна гэж бараг байхгүй, харин ангийн охин миний хичээлийг нөхөж бичиж өгч тусладаг байж байгаад нэг  л мэдэхэд эхнэрээ болгосон. Бид 1967-1968 оны үед гэрлэсэн. Тэр үед хоёулаа байсан бол өнөөдөр 10 ач, гучтай өнөр өтгөн гэр бүл болжээ. Манай гэр бүлд хүргэн бэр, хүүхдүүд нийлсэн 30 шахам хүн бий. Одоо хоёулаа тэтгэвэрт гараад, үр хүүхдийнхээ сайн сайхныг үзээд аз жаргалтай сайхан амьдарч байна. 


-Олимпийн медальтан үе үеийн тамирчдынхаа тухай та өөрөө дунд нь олон жил явсан хүний хувьд юу хэлэх вэ?

          

-Мэдээж өнөөгийн олимпийн аварга баатрууд маань үнэхээр гайхалтай цагийг эзэлсэн тамирчид. Бидний үеийнхэн тэр хүнд хэцүү, хөгжил буурай цаг үед үнэхээр хосгүй  амжилт гаргасан хүмүүс. Мөнхбат, Баянмөнх, Ойдов гурав бол үнэхээр байгалиас заяасан авьяастай агуу бөхчүүд, бас их оюунлаг хүмүүс шүү дээ. Бусад олимпийн медальтнуудын хувьд ч их хөлс урсгаж, ухаан зарж, өөрийн авьяас ур чадварынхаа хүчээр л алдарт хүрч чадсан хүмүүс. Ийм цөөхөн хүн амтай, аж амьдрал тийм ч сайн биш улсын хувьд олимпийн медаль авна гэдэг том амжилт. Миний шавь нарын хувьд Москвагийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртсэн Ж.Даваажав, Д.Оюунболд нар байна. Олимпоос медаль манай 19 хүнээс яг өөрийнхөө шавийг бэлтгэж олимпийн медаль авахуулсан багш байхгүй. Оюунболдыг би 16 настай байхад нь Сэлэнгээс авчирч бөхийн спортоор хичээллүүлж олимп, дэлхийн хос медальтан болгосон гэдгээрээ бахархдаг. Үнэхээр авьяас чадвартай гайхамшигтай бөх байлаа. Түүний гавьяаг 10-аад жил үнэлээгүй. Энэ тамирчин олон шилдэг тамирчинг төрүүлээд цэл залуугаараа тэнгэрт хальсан нь тун харамсалтай.  


-Бусад спортын тухайд юу хэлэх вэ?


-Олимпийн хоёр аваргыг төрүүлсэн жүдо, боксын хамт олондоо их баярлаж, бахархаж явдаг. Тэд эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан гэдгээрээ манайд хөгжиж буй спортын төрлүүдээс эхний байранд явж байна. Буудлагын спорт ч тэргүүлж яваа.

          

-Залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?


-Би насаараа л спортын төлөө зүтгэлээ. Монгол Улс олимп, дэлхийн аваргатай болсон хэдий ч бусад оронтой харьцуулахад, өнөөдөр жинхэнэ утгаараа улс орныг хамарч хөгжихгүй байна. Яагаад гэвэл хөдөө орон нутагт их спорт хөгжихгүй байгаа, боловсон хүчин дутагдалтай байна, материаллаг бааз дутагддаг. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л хэдхэн авьяастай хүүхдүүдийн хүрээнд л хөгжиж байгаа шүү. 2005 оноос төр засгаас их спортын төлөө их анхаарч чамгүй хөрөнгө гаргаж дэмжсэн. Үүний хүчээр манай тамирчдын амжилт ахиж байгаа. Олон жил дасгалжуулагч хийсэн хүний хувьд залуу багш нартаа хандаж хэлэхэд, сайн тамирчид бэлтгэхийн тулд үнэхээр авьяастай, сэтгэл зүй, эр зоригийн бэлтгэл сайтай хүүхдийг сонгож авч уйгагүй хөдөлмөрлөх юм бол монгол хүнд байгалиас заяасан авьяас нь байгаа учраас дараа дараагийн олимпоос медаль авах боломж бий. Хамгийн гол нь дасгалжуулагч хүн олон талын өргөн мэдлэгтэй байх ёстой.  Энэ тал дээр учир дутагдалтай байна. Иймд сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, онолч, гадаад хэлний мэдлэгтэй дасгалжуулагч л  шилдэг тамирчдыг төрүүлнэ гэдгийг спортын байгуулага ч анхаарах хэрэгтэй.          


-Олимпийн медаль хүртсэн Т.Артаг, Ж.Даваажав, Д.Оюунболд гурав ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ хүмүүсийн нөхөр, багш нь явсан дотны хүний хувьд тэдний зан чанар, ажил үйлсийн талаар эргэн дурсана уу?


-Артаг, Даваажав цаг хугацааны хувьд хол зөрөөтэй боловч энэ хоёр нэг жинд барилдаж байсан бөгөөд зан чанарын хувьд хоорондоо их төстэй төлөв даруу зантай, хүнлэг сэтгэлтэй, ерөөсөө архи тамхи хэрэглэж байгаагүй залуус байжээ. Энэ гурван хүн өдийд амь сэрүүн байж болох л байсан. Тухайн үед нь гавьяа зүтгэлийг нь үнэлэхгүй олон жил явсан нь сэтгэлийн их дарамтанд орж, сүүлдээ сэтгэл санааны гутрал зэрэг цаг бус эрсдлүүдээс үүдэж хорвоогийн мөнх бусыг үзсэн гэж боддог. Оюунболдын хувьд шилдэг бөх, дасгалжуулагч байсан. Миний шавь хорвоогоос хальсан ч өнөөдөр түүний олон сайхан шавь нар улсын шигшээ багийн гол цөм болж тив, дэлхийд улс орныхоо нэрийг мандуулж явна.  Түүнийг ид хийж бүтээх насандаа тэнгэрт хальж одсонд анхны багшийн хувьд их харамсдаг. Артаг бид хоёр гэр бүлээрээ найз нөхөд явж хамтран зүтгэж байлаа.  Тэр маш их ажилч хичээнгүй, тусч нөхөр минь байсан. Бөхийг танихдаа гаргууд, тэр олон сайн бөх төрүүлсэн. Түүний гавьяа зүтгэл хэзээ ч мартагдахгүй. Даваажавын хувьд би хоёр олон жил хамт ажилласан багш шавийн барилдлагатай байлаа.


-Монголын чөлөөт бөхийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

          

-Өнөөдөр эмэгтэй бөхчүүд эрэгтэй бөхчүүдээ чирээд явж байгаа шүү! Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд сүүлийн долоон олимпийн наадмаас медаль авч чадалгүй уналтын байдалд байгаа. Харин сүүлийн үед дэвшил гарах хандлага байгаа. Эмэгтэйчүүдээс С.Батцэцэг 2012 оны олимпоос хүрэл медаль авлаа. Харин эрчүүд 1980 оны олимпоос хойш олимпийн медаль авч чадаагүй л байна. Энэ бол үнэхээр харамсалтай, бидэнд нэгийг хэлээд л байна шүү дээ. Сургалт, дасгалжуулалтаас эхлээд олон шийдвэрлэх асуудал бий. Эмэгтэй бөхчүүд олимп, дэлхийн дэвжээнээс медаль авсаар байгаа.  Гэхдээ эрэгтэй бөхчүүд ч нэг их хол хаягдсан юм байхгүй, амжилт гаргах бүрэн боломж байна. Харин чөлөөт бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд онцгой  анхаарах ёстой. Тэндээс л олимп, дэлхийн аваргууд төрнө. Харин өргөс авсан юм шиг үр дүн нь тэр дороо гараад ирэхгүй. Тодорхой цаг хугацаа хэрэгтэй.


-Ярилцлагынхаа төгсгөлд таны үгийг сонсоё?


-Цаг хугацаа мөн ч хурдан юм.Саяхан л Мехикогийн олимпийн наадмаас медаль хүртэж байсан бол 50 жил улиран оджээ. 1968 онд Мексикийн олимпийн наадамд 20 гаруй тамирчин оролцсон байдаг. Харин өнгөрсөн хавар МҮОХ, энэ нөхдийг хүлээн авахад ердөө 5-хан хүн л амьд сэрүүн үлдсэн байх юм. Залуу зандан явсан олон сайхан найз нөхөд мааны бурхны оронд очсоныг хараад, ахмад хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэсэн. Чөлөөт бөхөөс Сэрээтэр, Баянмөнх, буудлагын Мягмаржав, гимнастикийн Норолхоо, бид тав л байна. Цаг хугацаа гэж ийм л байдаг юм байна. Манай чөлөө бөхийн баг тамирчид 2005 оноос дэлхийн дэвжээнээс цөөнгүй медаль хүртлээ. Тамирчныг үнэлэх үнэмлэмж эрс дээшилсэн. Ийм нөхцөлд олимпоос медаль авч чадахгүй байгаа гэдэг бидний хариуцлага, ёс зүйд учир дутагдал байгааг харуулж байна. Бид олимпийн аваргатай болоод 10 жил өнгөрчээ. Олимпийн аварга, олимпийн медальтан болох сонирхолтой хүүхэд багачууд эрс нэмэгдэж спортоор хичээллэх болсон. Мөн тамирчны хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж эрс өссөн. Ийм нээлттэй, эрх чөлөөтэй байгаа цагт олимпийн медальтан төрөх бүрэн боломж байна. Гагцхүү мэдлэг чадамж, хариуцлага, сахилга бат, чин сэтгэл зүрх, эх оронч үзэл үгүйлэгдэж байна. Өнөөгийн хүүхдүүд ном унших нь бага болсон нь харамсалтай. Дараа дараагийн олимп, дэлхийн дэвжээнээс манай аль ч спортынхон олон медаль хүртэж олимп, дэлхийн аваргууд төрнө гэдэгт би итгэж байна.

Холбоотой мэдээ