Монгол улс гадаад худалдаа хариуцсан тодорхой институцгүй, худалдааны хуульгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-28 14:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол улс гадаад худалдааг хариуцсан тодорхой институцгүй, бие даасан Худалдааны тухай хуульгүй байгаа нь эдийн засагт худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлж буйн нэг жишээ болж байгааг өнөөдөр болсон “Монгол Улсын Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” хэлэлцүүлгээр хөндөж байв.

Хэлэлцүүлгийг нээж зохион байгуулагч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ, “Улам бүр даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд худалдаа, тэр дундаа олон улсын гадаад худалдаа онцгой үүрэг гүйцэтгэх болсон”-ыг цохон тэмдэглээд, “Тухайн улс орнуудын хувьд гадаад худалдаа нь эдийн засгийн аюулгүй байдлын нэг баталгаа болж байгааг онцлоод, ийм нөхцөл байдалд манай улсад худалдаа, тэр дундаа гадаад худалдаа ямар байдалтай байгааг олон талын оролцоотой ярилцаж гаргаж ирье. Ингэхгүй Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн нь болсон манай улсын хувьд гадаад худалдаан дээр байгууллагын өмнө үүрэг хариуцлага хүлээхээр байдал бий болохыг үгүйсгэхгүй” гэв.


Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэлэхдээ, “Дэлхийн банкнаас гардаг бизнес эрхлэлтийн индекст гадаад худалдаа эрхлэлт, түүний орчин, тээвэр ложистикийн гүйцэтгэл гэсэн хоёр асуудлыг чухалчилдаг. Энэ үзүүлэлтээр манай улс сүүл барьсаар ирсэн”-ийг тэмдэглэж байв. Тэрээр, “Манай улсад байдаг нэг буруу зүйл нь үйлдвэрлэл, худалдаа хоёрыг дандаа сөргүүлж тавьдаг муу зуршил байна. Үүгээрээ нэг ёсондоо худалдааны ач холбогдлыг ойлгодоггүй. Гэтэл худалдаа гэдэг бол үйлдвэрлэлтэй адил хөгжлийн нэг салшгүй тулгуур багана байдаг. Үүнийг ойлгодоггүйгээс манайд дээр, дооргүй худалдаачдыг шулаач наймаачин гэж үздэг үзэл бодол хэвээрээ, хил гааль дээр байцааж шалгадаг байдал арилаагүй л байна. Үүний оронд харин хил, гаалиар орж гарч буй бараа, бүтээгдэхүүнээ бүртгэдэг, зураасан буюу бар код нэвтрүүлэх зэрэг ажлыг хиймээр. 2014-2015 онд манай гадаад худалдаанд  нэхдэг зөвшөөрөл, хяналт шалгалтын бичиг баримтын тоо их байна гээд УИХ ярьж байгаад 5 болгон цөөлж байсан. Гэтэл өнөөдөр 3 жилийн дараа эргээд  11 зөвшөөрөл бичиг баримт нэхдэг болчихсон явж байх жишээтэй. Худалдаа, тэр дундаа гадаад худалдаа гэдэг манайхны ойлгодог  шиг гадаад худалдаа эрхлэдэг хэдхэн ААН, компанийн асуудал биш, энд төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй, эдийн засгийн бие даасан салбар юм. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаад худалдаа хариуцсан тодорхой институц байгууллага байхгүй ГХЯ-ны нэг газар, хэлтэст харьяалагдсан байдалтай, бие даасан хууль ч байхгүй явна” гэдгийг тэрээр тавьсан илтгэлдээ тэмдэглэж байв. Манай улсын хувьд гадаад худалдаа эрхлэлт хилийн доторхи барьерууд буюу саад чирэгдэл их байгаа нь: 

- Гадаад зах зээл рүү гарах хилийн боомт цөөн, 

-Хил, гааль дээр шаарддаг бичиг баримтын тоо их,

Гааль, мэргэжлийн хяналт, хилийн шалган зэрэг эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо муу,

Дэд бүтций хөгжил сул, ачаа барааг хянаж шалгах систем бүрэн хөгжөөгүйгээс болж буйг хэлэлцүүлгий үеэр дурдаж байв.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дээрх илтгэлтэй санал нэг байгаагаа хэлж, “Манай улсад Худалдааны хууль эрхзүй байхгүйгээс худалдааны үйл ажиллагаа бүртгэлгүй, бүртгэлгүйгээс зохицуулалт байхгүй, хэн дураараа дуртай бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж байна. Энэ нэг талаар худалдааг чөлөөтэй болгосон талтай ч зах зээлд шилжих үеийн тэр байдал өнөөдрийн даяаршлын нийгэмд өөрчлөгдөж, өөр зохицуулалт шаардаж байна. Уг нь энэ бүхнийг хуулиар зохицуулж чанартай бараа бүтээгдэхүүн импортолж, экспортлох асуудал тавигдах юм” гэж байв. Манай улс Гадаад худалдааны тухай хуульгүйгээс гадаад худалдааны бодлого болгон сүүлийн 10 жилд олон хөтөлбөр, баримт бичиг боловсруулан гаргасан хэдий ч үндсэн эрхзүй байхгүйгээс тэр олон бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрсэн нь ховор байгааг хэлж байв.

Дээрх хэлэлцүүлгийг Монголбанкнаас тогтмол явуулж буй мөнгө, санхүү, эдийн засгийн асуудлаарх цуврал арга хэмжээний нэг болон зохион байгуулж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм. Төв банкнаас саяхан “Зээлийн хүүг бууруулах нь” хэлэлцүүлэг зохион байгуулсан бол удахгүй УУХҮЯ-тай хамтран алт олборлолт, үйлдвэрлэлийн талаар чуулган зохион байгуулах гэж буй талаар мэдэгдлээ. Өнөөдрий хэлэлцүүлэгт гадаад худалдаа эрхлэгч, экспорт, импортын компани, ААН-үүдийн төлөөлөл, МУИС-ын багш, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн бодлогын зөвлөмж гаргах юм байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ