Автозогсоолын тоог нэмэгдүүлж, амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-28 16:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 18-р хуралдаанаар “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах талаар, мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээлэлтэй танилцаж хэлэлцлээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулахдаа, “Өнөөдөр нийслэл хотын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянга автомашин оролцож олонх нь Бага тойруу орчмоор зорчдог судалгаа байна. Тиймээс энд орц, гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байна” гэв. Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний ачаалал багасах тооцоотой. Нийтийн тээврийн чиглэлд анхаарч 2017, 2018 онд 11 шинэ чиглэл нээж, ид ачааллын үеэр автобусны тоог нэмж байгаа гэв. Түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх арга хэмжээ авч байгааг дурьдав. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд авто зогсоолын тоог олшруулж, амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах болжээ. Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Төмөр болон авто замын огтлолцлыг салгах нүхэн гарц 6-г барихаар зураг төсөл нь гарч ирэх хавар ажил эхлүүлэхээр болжээ. Томоохон уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, түгээлтийн автомашиныг хөдөлгөөний ид ачааллын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон талаар мэдээллээ.

“Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулахдаа, цахим тоглоомын газар, саун массажы газар, уушийн газар, ТҮЦ гээд нийслэлд үйл ажиллагаа буй бүх байгууллагыг шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, нийтийн хэв журмыг сахиулжээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гарган сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны операторуудын антенныг буулгах, цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтын зурвас чөлөөлүүлж эхлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүний хамгаалалтын зурваст 4000 гаруй айл суурьшсан байгаа аж. 

Холбоотой мэдээ