Морьтон залуус морио унаж явуулын аянд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-29 11:04:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах талаар малчдын сэтгэгдлийг сонсох, малчдад монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчлах зорилгоор Говь-Алтай аймагт “Морьтон залуус” явуулын аяныг есдүгээр сарын 20-23-нд зохион байгууллаа.

Аянд Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Шарга, Төгрөг сум тус бүрийн 10 залуу, Бөхөнгийн байгаль хамгаалагчдын баг, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтай Саяны бүсийн захирал Д.Байгалмаа, гэрээт ажилтан Б.Мөнхзориг, ажилтан Б.Батцэнгэл, жолооч н.Хүрэлхуяг нар морио унаж дээрх сумдын 228 малчин өрхийн 520 гаруй хүнтэй уулзан цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцжээ.

Тухайлбал, бэлчээрийн гарц, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц талаар ярилцсан бол малчид  малын хөлийн татвар авах, мал махны борлуулалт дээр анхаарах саналуудыг гаргаж буйгаа илэрхийлсэн байна. 

Тэд аяллын хоёр хоногийн хугацаандаа 10 гаруй бөхөн хоёр хар сүүлт харсан нь Монгол бөхөн эрс цөөрчээ гэсэн дүгнэлт гаргахад хүрсэн хэмээн мэдээлэв. Аяллын багийн бүрэлдэхүүнд  оролцсон 40 залуугийн 29-нь 500-аас дээш тооны малтай малчид,  үлдсэн 11 нь идэвхитэн байгаль хамгаалагч, төрийн албан хаагч юм.

Аяллын багийнхан цаашид олон залуусыг уриалж тэмээ, морьтойгоо говь нутагтаа хяналт хийх, малын хөлийн татварыг авах нь зөв гэдгийг бусдад сурталчлах, ус булгаа хамгаалах олон ажлыг хийхээр төлөвлөжээ.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ