“Академи Авардс -2018” наадмын шилдгүүд болон онцлох бүтээлүүд

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-09-29 15:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Академи Авардс -2018” кино наадам “Зайсан Хилл цогцолборт” боллоо. Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.


Энэ удаагийн “Академи Авардс” кино наадамд шалгарсан шилгүүд хийгээд онцлох киноны тоймийг уншигчдадаа хүргэж байна.


ШИЛДЭГ КИНО БАЙТАГ БОГД


“Маш нууц” болон “Зүрхний хилэн” кинонуудаар тэсрэлт хийж авьяаслаг залуу уран бүтээлчид болохоо баталсан “Фантастик” продакшны хамт олны “Маш нууц 2” төсөл буюу “Байтаг Богд” кино шилдэгээр шалгарч “Академи Авардс -2018” наадмыг өнгөллөө.


Торгуудын алтан овоог тахиж, нутгийн өвгөн товшуурын утсыг эгшиглүүлэн, хөөмийлж буйгаар тус кино эхэлдэг. Байтаг Богд, Ац Улаан уул, Хужирт, Уушигийн уулс зэрэг түүхэн газруудад үйл явдал болох бөгөөд байгалийн зураг авалт нь эрэлхэг хилчдийн гавьяаг харуулах киноны үйл явдалд харшлах юм үгүй. Хожим нь болох томоохон тулалдааны эхлэл нь гадаадын эрдэмтэн Байтаг Богдоос “уран” олсноос болж тэрхүү газрыг эзлэхээр Гоминданы арми цөмрөн орж ирдэг. Харин киноны эхэнд шуудхан л үйл явдал эрчтэй хөврөх ба хожим болох үйл явдалтай энэ бүх зөрчил нь ил болоод далдуур шууд холбоотой байсныг харж болно.




Ерөнхийдөө МУГЖ О.Бат-Өлзий, СТА Б.Тамир нарын найруулсан уг бүтээл Монголын кино урлагт өмнө хийгдэж байгаагүй шинэ дүр төрх, арга барил илэрсний томоохон баталгаа нь тус кино болсон юм. Тиймдээ ч энэ оны хамгийн шилдэг киногоор шалгарлаа.


Мөнхүү “Маш нууц 2” буюу “Байтаг Богд” кино нь дараах номинацид шилдгээр шалгарсан билээ.


Үүнд:

Шилдэг КИНО

Шилдэг НАЙРУУЛГА: Найруулагч О.Бат-Өлзий, Б.Тамир

Шилдэг ЗУРАГЛААЧ: Г.Гүенбаатар

Шилдэг ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР: Б.Тамир |тагнуулч Насангийн дүр|

Шилдэг ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР: Ц.Алдармаа |Торгууд эмэгтэй Буянхишигийн дүр|

Шилдэг ДУУ: “Үеийн үед”, дуучин Б.Энхсайхан

Шилдэг ДУУНЫ НАЙРУУЛГА: О.Цэгминд

Шилдэг НҮҮР БУДАГ: Г.Ганчимэг болон бусад уран бүтээлчид.


Шилдэг эрэгтэй туслах дүрд шалгарч, шилдэг найруулагчийн шагналыг аавтайгаа хамт хүртсэн Б.Тамир "Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа "Би гэж байхгүй. Бид гэж байдаг" гэж дандаа хэлдэг. "Фантастик"-ийнхаа жүжигчид, найзууддаа баярлалаа. Яагаад гэвэл миний нүдэн дээр та нар маань их өөрчлөгдөж байгаа шүү /инээв/" хэмээсэн юм.


Тиймээ, камер асаад эхэлвэл “бид” л гэж байдаг. Хэн нэгний өчүүхэн алдаа хүртэл кино багийнханд сөргөөр нөлөөлөх учиртай. Харин ийм алдаа гаргахгүйг хүн бүр хичээж, Ховдын баруун хязгаарын халуун нартай өдрүүдэд зураг авалтын багийнхан огт ажралгүй ажилласан түүхтэй. Ингэж тэд түүхийг дэлгэцэнд амилуулсан нь шилдгээр шалгарсан билээ.


ШИЛДЭГ БАРИМТАТ БҮТЭЭЛ


Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай өгүүлэх "The Medicine Buddha" Баримтат кино Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг “Академи Авардс - 2018” кино наадмын "Шилдэг баримтат кино"-гоор шалгарлаа. Киноны продюсер, найруулагчаар Английн кино найруулагч Бенжамин Жонс, зураглаачаар Жерри Васбентер ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бен Кингсли уншсанаараа онцлогтой бүтээл юм.




Мөн богино хэмжээний шилдэг кино төрөлд үйл явдал, утга агуулга нь нэн өвөрмөц “Диваажингаас буцагсад” болон “Алтан хальс” олон улсын кино наадмын шилдэг хүүрнэлт киногоор шалгарсан “Түлхүүр” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн бөгөөд найруулагч Ч.Батбаярын “Эцэг” кино шалгарлаа. 


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР


Тус хэсэгт “Илд цэцэг” киноны гол дүрийн жүжигчин Т.Өөдөө, “Говийн домог” киногоор залуу жүжигчин Б.Замилан, “Хүсээгүй үнсэлт” Э.Янжинсүрэн, “Аз жаргал” киногоор Ц.Мичидмаа нар өрсөлдсөн билээ.


Мэдээж хүн бүр “Говийн домог” киноны Б.Замиланг шилдгээр шалгарах тухай ярьж байв. Мөнхүү Т.Өөдөө ч “Илд цэцэг” киноны эхийн дүрийг өндөр түвшинд гаргаж өөрийгөө шинээр нээж үзүүлсэн юм. Харин шагналын хар дугтуй задарч шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний нэрийг МУГЖ П.Цэрэндагва зарлах мөчдөө “За, тар аль хэдийн мэдчихсэн байлгүй дээ” хэмээн хэлэв. Ингээд өнгөрсөн онд Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world” тэмцээнд амжилттай оролцож дэлхийн миссын титэм хүртэж байсан Цацралтын Мичидмаа охин тэргүүлэв.




Тэрбээр өмнө нь “Үлгэрийн баатар гэртээ харих зам”, “Амьдрал хайр дээр тогтдоггүй”, "Бумеранг |Үр|", "Толбо" зэрэг олон кинонд тоглож байсан азтай нэгэн бөгөөд энэ удаад “Аз жаргал” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан нь энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход хүргэв. Ц.Мичидмаа энэхүү шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин бөгөөд 8 настай юм.


Ингээд бусад номинацийн шилдгүүдийг уншигчдад хүргэж байна.


ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР:

"Хоёр амь" кино, жүжигчин С.Болд-Эрдэнэ.




ШИЛДЭГ ХӨГЖИМ:

"Говийн домог" кино, хөгжмийн зохиолч Л.Балхжав.


ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО:

“Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”-ийн бүтээл "Эрт нахиалсан сарнай".


ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ:

“Говийн домог” кино, "Улаанбаатар Телевиз" ХХК- UBS TV




ШИЛДЭГ ЗОХИОЛ:

"Сэтгэл мэднэ" кино, зохиолч Н.Эрдэнэбат.


ШИЛДЭГ ЗУРААЧ:

“Говийн домог” кино, зураач Т.Нямсүрэн.


ШИЛДЭГ МОНТАЖ:

“Харанхуй хад” кино, эвлүүлэгч С.Энхмөрөн.



ШИЛДЭГ ДҮРСНИЙ ЭФФЕКТ:

"Зүрхний хилэн" киноны уран бүтээлчид.


Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ