Цогтцэций сумынхны тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-01 17:01:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Монгол оронд уурхайн бүс нутаг гэгдэх болсон Цогтцэций суманд ажиллах үеэрээ тус сумын "Мөрөөдөл" цогцолбор сургуульд мини автобус, Цагдаагийн тасагт барилгын цахилгаан монтаж засвар, ЭМТ-ийг нян судлалын кабинеттай болгох асуудлыг шийдвэрлэв.

Мөн сумын гуравдугаар цэцэрлэгийн тохижилт, Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит сургуульд гал тогооны тоног төхөөрөмж, нэгдүгээр ангийн хүүхдүүдийн ширээ сандал, Гал унтраах ангид шуурхай албаны машин, "Тэгш дүүрэн" ОНӨААТҮГ-т хогийн машины дугуй, хогийн цэгийг хашаажуулах асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Цогтцэций сумын Мөрөөдөл цогцолбор нь 640 хүүхдийн сургууль, 114 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байртай. Энэхүү сургуульд ихэнхдээ уурхайчдын хүүхдүүд ерөнхий боловсрол эзэмшдэг бөгөөд сумын төв, гэр хорооллоос хүүхдүүдээ зөөх шаардлагатай байдаг аж. Мини автобустай  болсноор сургууль хүүхдүүдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломж бүрдэж байгаа аж.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ