“Сүү” ХК “ГАЗ”-ын автомашинтай нэг жарныг туулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-01 13:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК сүү бэлтгэл болон түгээлтийн автомашинууддаа парк шинэчлэл хийж, өнөөдөр ОХУ-ын “ГАЗ” үйлдвэрийн сүүлийн үеийн, зориулалтын “GAZON next” машинуудаа хүлээн авлаа.

Монгол Улс дахь “ГАЗ” үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагч “Nortex” ХХК-иас хүлээлгэн өгсөн дээрх машинууд нь манай орны эрс тэс уур амьсгалд нийцсэн, туулах чадвар сайтай, дизель турбо хөдөлгүүртэй, 2018 онд үйлдвэрлэсэн, 4.2 тонны багтаамжтай, монголчуудын хуучны танил “ГАЗ” үйлдвэрийн сүүлийн шинэчилсэн загвар гэдгийг дээрх компанийн төлөөлөгч Антон Просекин онцолж байв.


Шинэ машинуудаа хүлээн авсан “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ, “Манай үйлдвэр зах зээлд шилжсэн 1990-ээд оноос хойш автопаркаа Японы түгээлтийн зориулалтын “Хино”, “Митцубиши” зэрэг машинуудаар шинэчилж байсан. Одоо бид эргээд хуучны танил “ГАЗ”-ын автомашинуудтай болж байна. Хуучны гэдэг нь 1956-1959 оноос эхлэн манайд “ГАЗ-51” явдаг байлаа. Манай монголчууд “Сүүний цэнхэр” гэж хүртэл нэрлэдэг байв. Үүгээр хэлбэл нэг ёсондоо бид “ГАЗ” үйлдвэрийн машинтай нэг жарныг туулж ирлээ гэсэн үг. Бид хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлэн хүргэхийн тулд автопарктаа 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн шинэчилж, эхний машинууд маань орж ирж хүлээн авч байна. Манай үйлдвэр нийт 2500 малчин, фермер, бэлтгэн нийлүүлэгчдээсээ өглөө бүр шинэ сүү татан авч жилийн 365 хоног тасралтгүй нийлүүлэн ажилладаг. Сүүний нэг машин жилд дунджаар 70 мянган км зам туулж, 730 тонн сүү тээвэрлэн үйлдвэртээ нийлүүлж, шинэ бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд очдог юм. Энэ түгээлт нийлүүлэлтэдээ бид хуучны шинэчлэгдсэн анд “ГАЗ” автомашинтай өглөө бүрийг угтах болсондоо баяртай байна” гэв. Автомашинуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч М.В.Василев, “Бизнес контакт” компанийн гүйцэтгэх захирал Н.К.Сидоров нар оролцож, "Сүү" ХК-ийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Б.Болд 

Холбоотой мэдээ