Өдрийн үйлчилгээнд 200, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 100 гаруй ахмад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-05 15:25:50

Увс /МОНЦАМЭ/. Ахмадын баярын өдрөөр Улаангом сумын ахмадууд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн төдийгүй аймгийн ЭМГ-аас хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэрийг ахмадуудад толилуулсан тэдний сонирхлыг ихэд татжээ.

Мөн ахмадууд шатар, даам, хөзөр, олс таталт, гимнастикийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд тэмцээнд шалгарсан ахмадуудыг Ахмадын баярын өдрийн цэнгүүний үеэр шагнаж урамшуулсан байна. Тэрчлэн хөдөөгийн 18 сум бүрт ахмадын баярын өдрийг тэмдэглэсэн аж.

Аймгийн Ахмадын хороо өнгөрөгч тавдугаар сараас эхэлж ахмадуудынхаа дунд өдрийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулж байгаа бөгөөд үүнд баг бүр ахмадуудаа хамруулах болсон аж. Одоогоор өдрийн үйлчилгээнд 200 гаруй, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 100 гаруй ахмад хамрагдаад буй.

“Аливаа үйл ажиллагааг багт төвлөрүүлэх, аль болох олон хүн оролцуулахыг бид энэ жилээс зорьж байгаа. Өмнө нь аймгийн Ахмадын хорооны байранд ирсэн хүмүүсийг оролцуулдаг байсан бол энэ удаад Улаангомын 12 багт амьдарч байгаа ахмадуудыг бүгдийг нь хамруулахыг зорьсон. Ахмадын зөвлөл байгуулагдаж байнга ажиллах орон тооны хүнтэй болсон” хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Е.Басан ярилаа.


                                                           

    Б.Батхүү

Холбоотой мэдээ