Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан угтах болон дуудлагын үйлчилгээг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-03 12:22:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон өөрсдийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор угтах болон дуудлагын үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Тэд  байгууллагынхаа дотоод журамд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс ирсэн дуудлагын болон угтах үйлчилгээнд байгууллагын ажилтан бүр эргэх холбоотойгоо хурдан шуурхай, харилцааны эерэг, зөв хандлагаар харилцаж, төрийн үйлчилгээг хүргэхийг тусгажээ. Түүнчлэн угтах үйлчилгээнд байгууллага дээр байгаа хэн ч татгалзахгүйгээр оролцох үүрэгтэй ба харилцааны доголдол гаргасан албан хаагчид ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн холбогдох арга хэмжээг авна гэсэн заалтыг оруулсан аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас үйлчилгээ авахыг хүсвэл, газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар 70562008, 88024345, 88032817, 88028878, барилга байгууламжтай холбоотой асуудлаар 70563841, 80011972, 88017399, 99862630 утсаар холбогдож, урьдчилан захиалга өгснөөр  үйлчлүүлэгчийн  байгаа газарт очиж үйлчлэх боломж  бүрджээ.

Харин “Угтах үйлчилгээ”-ний хувьд тус байгууллагад ирж үйлчлүүлэх бол байгууллагын гадна орчноос дээрх утсанд хандсанаар үйлчилгээ хариуцсан ажилтнууд иргэнийг угтаж хүлээлт үүсгэхгүйгээр үйлчлэх юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагаар тав тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тус хамт олон авто зогсоолоосоо эхлээд шат, босго, ариун цэврийн өрөө, тусгайлан үйлчлэх танхимыг хүртэл стандартын дагуу тохижуулжээ. 

Монгол Улсын хэмжээнд 103630, Хэнтий аймгийн хэмжээнд 3112, Чингис хотод 987 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Тэд өдөр тутамдаа төрийн болон хувийн байгууллагаар бусад иргэдийн адил эрх тэгш үйлчилгээ авч чаддаггүй аж. Иймд Хэнтий аймгийн ГХБХБГ-ын хамт олон доорх уриалгыг нийт аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд хүргүүлж байна. 


УРИАЛГА


Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх орчныг бий болгож, тэдний бие даан амьдрах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжгүй үед хүн бүрт хүргэдэг үйлчилгээг тань энгийн иргэн шиг адил тэгшээр авах нөхцлийг хүртээмжтэй хүнлэг сэтгэлийн үйлчилгээгээр бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дуудлагаар байгаа газарт нь очиж болон байгууллагын гаднаас тосч, угтах үйлчлэгээг нэвтрүүлэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна! Тогтсон сэтгэлгээг сэтгэлээрээ, хандлагаараа, үйлчилгээгээрээ өөрчилж хүргэе! гэжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд