“Хоо овоотын хурд” уяачдын галаас дааганы уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-03 11:42:38

Увс /МОНЦАМЭ/. Өлгий сумын “Хоо овоотын хурд” уяачдын галаас өнгөрсөн ням гарагт битүү дааганы уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд 40 гаруй даага уралдсанаас тус сумын уяач Б.Бархасбадийн хул даага түрүүлж, хонгор даага аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Өлгий сумын уяач Л.Даваанямын хар, айргийн дөрөвт Наранбулаг сумын уяач О.Батнасангийн улаан, айргийн тавд Өлгий сумын уяач Д.Даваасүрэнгийн хар, баян ходоодонд тус сумын уяач П.Тогтохбаатарын хул давхив.

Уралдааны үеэр “Хоо овоотын хурд” галаас “Шилдэг залуу уяач”-аар хоёр хүнийг шалгаруулан шагнаж урамшуулснаас гадна уралдаанд оролцсон бүх унаач хүүхдэд гарын бэлэг олгосон юм. Тус арга хэмжээнд аймгийн Уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.Замбал оролцож, зарим уяачдыг улсын болон аймгийн уяачдын холбооны шагнасныг гурдуулав.

“Эрдэнийн очир” одонгоор тус галын тэргүүлэгч З.Баянжаргал, Монголын уяачдын холбооны тэргүүн дээд шагнал “Уяачийн алдар” одонгоор Л.Бямбажаргал шагнуулсан. “Хоо овоотын хурд” уяачдын гал нь 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд байгуулагдсан бөгөөд галынхаа нээлтээр гурван насны морьд уралдуулж, түүнийгээ “Малчин” телевизээр орон даяар шууд дамжуулж байжээ. Тус галын тэргүүнээр Монгол Улсын 2016 оны шилдэг уяач Замбын Дэндэв ажилладаг.

Өнгөрсөн онд “Хоо овоотын хурд” уяачдын гал нь бүс, аймаг, сумын наадмаас 108 айраг, түрүү авсан амжилтаар “Аймгийн шилдэг уяачдын гал”-аар шалгарсан байна. Энэ жилийн хувьд тус гал нь бүс, аймаг, сумын наадмаас нийтдээ 201 айраг түрүү хүртсэн амжилт гаргажээ. 2016 онд Увс аймгийн хэмжээнд есөн уяачийг амжилтаар нь эрэмбэлэхэд тус галын уяач З.Дэндэв хоёрдугаар байр, З.Баянжаргал гуравдугаар байр, Л.Бямбажав зургадугаар байрт шалгарч, аймгийн шилдэг уяачид болж байв.

Тэрчлэн “Хоо овоотын хурд” галын унаач хүүхдүүд энэ хугацаанд чамгүй амжилт үзүүлсэн байна. 2016 онд Б.Доржсэмбэ Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдэд олгодог “Алтан хараацай” цолыг цомын хамт хүртэж байсан бол “Аймгийн шилдэг унаач хүүхэд”-ээр 2015 онд А.Хашбат, 2016 онд Б.Доржсэмбэ, А.Лхагвасүрэн, С.Алтангэрэл, 2017 онд Х.Өсөхбаяр, Б.Эрхэмбаяр, Х.Цагаанзул, Б.Жанчиг, З.Балдандорж нар тус тус шалгарч байжээ. “Хоо овоотын хурд” галын хурдан хүлгүүдийн амжилтаас дурдвал З.Дэндэвийн Буган халтар 2015 онд “Аймгийн шилдэг морь”, Хонгор 2017 онд “Аймгийн шилдэг морь”-иор тус тус шалгарчээ.

"Би 2003 оноос морь уяж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд миний уяж сойсон хурдан хүлгүүд бүс, аймаг, сумын хэмжээний том жижиг наадмаас нийтдээ 200 гаруй медаль хүртсэн байна. 2017 оноос "Хоо овоотын хурд" уяачдын галыг байгуулсан бөгөөд манай галын уяачид ч гэсэн өнгөрсөн хугацаанд чамгүй их амжилт гаргасанд баяртай байгаа" хэмээн Монгол Улсын 2016 оны Шилдэг уяач Замбын Дэндэв ярилаа.                                                                                                                                                         Б.Батхүү

Холбоотой мэдээ