Шведэд хамгийн муухай хоолнуудын музей нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-02 14:13:46

МОСКВА. /РИА Новости/. Хамгийн муухай хоолнуудыг дэлгэн үзүүлэх дэлхийн хамгийн анхны музей Шведийн гурав дахь том хот болох Мальмад энэ сарын 31-нд нээгдэнэ гэж уг музейг байгуулагч Сэмюэль Веста мэдээлснийг “Independent” сонинд бичжээ.

Уг музейд Исландад тансаг идээнд тооцогддог аварга махчин загасны өмхийрсөн махнаас авахуулаад Сингапурт олон нийтийн тээврийн хэрэгсэлд авч явахыг хориглодог Өмнөд Азийн өмхий самхай үнэртэй дуриан жимс зэрэг дэлхийн хамгийн “элдэв төрлийн” хоолнуудыг тавих аж. Бас Шведийн муутгаж дарсан май загас, Перугийн далайн гахайн шарсан мах, Италийн Сардин аралд алдартай өттэй бяслаг, бухын засаа зэргийг үзмэр болгоно.

Музейн бүх “үзмэрийг” үнэрийг нь хадгалахын тулд эмнэлгийн зориулалттай урт хүзүүтэй шилэн саванд хадгалах бол талыг нь өдөр бүр шинээр солих бөгөөд энэ нь музейд маш их зардалтай гэж Веста хэлжээ.

Музейн тасалбарын үнэ 185 швед крон /20 орчим ам.доллар/ байх бөгөөд харин хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Д.Жаргал

Холбоотой мэдээ