Макаод Монголын 12 иргэн ял эдэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-02 17:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа аж. Эдгээр иргэдээс эх орондоо ялын хугацаагаа дуусгах хүсэлтийг байнга ирүүлдэг аж. Тиймээс “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийг хоёр талын хууль тогтоох дээд байгууллага соёрхон баталснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд Макаод ял эдэлж буй иргэдээ эх орондоо шилжүүлэн авах боломж бүрдэнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар БНХАУ-д Монголын хэдэн иргэн ял эдэлж байгааг ажлын хэсгээс тодрууллаа. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, “БНХАУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш долоон иргэн шилжүүлж авсан. Одоогоор манай 111 иргэн ял эдэлж байгаа. Мөн 190 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Макаод ял эдэлж байгаа 12 иргэн бүгд хулгайн хэрэгт холбогдсон. Мөн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр хууль бусаар оруулсан зэрэг хэргээр шалгагдаж буй иргэд бий” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хуулийн төёлийг хэлэлцэхийг дэмжлээ.

Холбоотой мэдээ