Багш, сурагчид түүхийн олимпиадад оролцож мэдлэгээ сорин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-03 11:11:25

Булган /МОНЦАМЭ/. Хорьдугаар зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн ухааны доктор, профессор Ж. Болдбаатарын нэрэмжит хангайн бүсийн “Монголын түүх” олимпиад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ардын Хатанбаатар С. Магсаржавын нэрэмжит бүрэн дунд сургуульд боллоо.

Олимпиадыг аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ, Булган аймгийн боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулав. Ерөнхий боловсролын IX, XII ангийн сурагчид, багш гэсэн гурван ангиллаар болсон олимпиадад Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Энхжин, Булган сумын I сургуулийн сурагч Б.Уранзаяа, Баян-Агт сумын сургуулийн сурагч А.Бадамханд нар IX ангийнхан дунд эхний байрт шалгарчээ.

Харин XII ангийн сурагчдаас Булган аймгийн I сургуулийн сурагч А.Долгоржав, Орхон аймгийн XIV сургуулийн сурагч Б.Түмэнгэрэл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулийн сурагч Н.Эрдэнэтуяа нар тэргүүлэв.

Өвөрхангай аймгийн түүхийн багш О.Эрдэнэболд, Булган аймгийн Сэлэнгэ сумын Ж.Цэрэнтогтох, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Б.Мөнгөн нар “Монголын түүх” олимпиадад оролцсон багш нараа манлайлжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ