Европын цөмийн физикчид хоёр эгэл бөөмийг шинээр илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-03 13:41:22

ЖЕНЕВ./ТАСС/. Европын цөмийн судалгааны байгууллагын /CERN/ физикчид хоёр эгэл бөөмийг шинээр илрүүлсэн ба гуравдахь бөөм байгааг илтгэх шинж тэмдгүүдийг тодорхойлсон байна. Женев хотын ойролцоо байдаг Их адроны хурдасгуур дээр туршилт хийх явцад ийм нээлт хийжээ.


"CERN" байгууллагын цахим хуудсанд бичсэнийг үзвэл “эдгээр эгэл бөөмийг цаашид судалснаар дэд атомын бөөмс болох кваркуудыг холбож буй хүчийг тодорхойлох боломжтой болно” гэсэн байна. Энэхүү хоёр бөөм оршин байдаг гэдгийг кварк загварчлалаар урьдчилан тодорхойлсон аж. Эдгээр нь 3 кваркаас тогтдог протоны бүлэгт харьяалагддаг боловч шинэ 2 бөөмийн кваркууд нь өөр ажээ. Протон нь нэг d-кварк, хоёр u-кварктай бол шинэ бөөмс нь нэг b-кварк, хоёр u-кварктай, эсвэл нэг b-кварк, хоёр d-кварктай юм. Харин эрдэмтдийн таамаглаж байгаагаар, гуравдахь эгэл бөөм нь 4 кваркаас тогтох ба тэдгээрээс хоёр нь хүнд кваркууд ажээ.


“Шинээр хоёр эгэл бөөмийг нээж, гуравдахийг нь илрүүлэх магадлалтай байгаа нь байгаль дээрх дөрвөн үндсэн хүчний нэг болох цөмийн хүчтэй харилцан үйлчлэлийн мөн чанарыг судлан ойлгоход нэг чухал алхам боллоо” гэж СЕRN цөмийн судалгааны төвийн цахим хуудаст онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ