Нийтийн тээврийн хөгжлийг газар төлөвлөлттэй уялдаа холбоотой авч үзэх хэрэгтэйг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-03 13:45:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сая саяар нэмэгдэж буй Азийн хотуудын оршин суугчид болон тэдний хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг хэрхэн хөгжүүлэх талаар өнөөдөр Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудалд эхэлсэн НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэж байна.

Хуралдаанаар дээр дурдсан тогтвортой байгаль орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх асуудлыг голлон хөндөж, энэ талын шийд арга замыг ярилцаж байна. Энэ асуудал бүс нутаг, тивийг хамарч буй нь улс орнуудад хотын хүн амын суурьшил нягтрал их болж, хотууд өргөжин тэлж буйтай холбоотойгоор нэг хотын хэмжээнд бус нийтэд түгжрэл, агаар орчны бохирдол зэрэг хүндрэл бэрхшээлүүд нилэнхүйдээ тулгарч байгаа бөгөөд тэдгээрийг шийдэхийн тулд тээвэртэй уялдан газрын шинэчлэлээс эхлээд агаар, орчны бохирдлын эсрэг ногоон байгууламж, эко хот байгуулах зэргээр дэд бүтцийн өөр шинэ сонголт бүхий зохион байгуулалт, төлөвлөлт шаардах болсон. Улмаар гарч буй хүндрэлүүдийг шийдэхийн тулд хотууд смарт буюу технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг иргэншил рүү шилжих дараагийн шатны хөгжил рүү явахаас өөр “гарц”-гүй болсныг олон улсын чуулга уулзалтад оролцогчид онцолж байв. Нийслэлийн Засаг дарга С.Батболд чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ, “Зөвхөн нэг хот, ганц улсынх бус нийтийн тулгарсан асуудал болж буй байгаль орчноо хамгаалах, хот төлөвлөлтийг шинэчлэх, цаг уурын өөрчлөлт болон экосистемийн асуудлыг Азийн бүс нутгийн орнууд нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогоор хэрэгжүүлж чадна. Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн зорилгод бүс нутгийн төдийгүй хотуудын оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ чуулга уулзалтаар тавигдана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байв.


НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн Япон улс дахь захирал, Японы талын хурлын зохион байгуулагч Казушиго Эндо хэлэхдээ, “Манай Бүсийн хөгжлийн төвүүд Японд гэхэд Токио, Нагоя, Осака гэсэн 3 хотод төвлөрөн байрлаж тэнд хотын хөгжлийн талаар мега төслүүд хэрэгжүүлдэг. Би өмнө танай нийслэд ирж байхад байршил сайхан, автомашин болон олон нийтийн хөдөлгөөн сийрэг, бөглөрөл байхгүй, их намуун тайван хот байсан. Өнөөдөр Улаанбаатар дахин ирж үзэхэд дуу чимээ их, хөдөлгөөн түгжрэл ихтэй, их өөрчлөгджээ. Энэ хэрээр нийтийн тээвэртэй холбоотой асуудал үүсч байна. Манай Японы хотуудын хувьд яг танайх шиг ийм байдалд юуны өмнө нийтийн тээвэр дээрээ анхаарч, эндээс зохицуулалт хийсэн. 1976 оноос эхлэн нийтийн тээврийн системийг үе шаттайгаар өөрчилж шинэчилж ирсэн. Энэ нь Токио зэрэг хотын замын бөглөрлийг сааруулахад их чухал хувь нэмэр оруулсан. Нийтийн тээврийн хөгжлийг газар төлөвлөлттэй уялдаа холбоотой авч үзэх хэрэгтэй. Хот байгуулалт энэ мэт олон талын харилцан шүтэлцээтэй байдаг” гэв.


Малайз улсын Урд Күшин хотын дарга Хаи Син Жэймэс Чан, “Бид Тайландын Бангкок зэрэг хотууд шиг гадны туршлагаар эко орчин бүрдүүлэх үүднээс арал байгуулж оршин суугчдын ая тухтай байдлыг хангаж байгаа ч зам, тээврийн асуудлаа шийдэх бэрхшээл тулгарсаар байна. Замын хөдөлгөөнтэй холбоотой үүдэн гарч буй түгжрэл бөөгнөрлийг шийдэх талаар манай улсын Засгийн газраас “2011-2020”-ны мастер төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Ингэхдээ иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Хотын төвлөрөл, хөдөлгөөнийг сааруулж байгаль орчин, хүн амд ээлтэй тээврийн асуудлыг шийдэхдээ бид хөдөлгүүргүй техник, тээврийн хэрэгслийн төлөвлөлт дээр анхаарч явган хүний замаас аваад унадаг дугуй, цахилгаан тээврийг сайтар төлөвлөн хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ нь агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм” гэж байв. Манай улсын нийслэлд 3 өдөр үргэлжлэх "Азийн хотуудад байгаль орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх" сэдэвт НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн чуулга уулзалтад Лаос улсын Нийтийн үйлчилгээ, тээврийн, Непалын Дэд бүтэц, тээврийн сайд гээд 5 улсын салбар хариуцсан сайд нар, 2 дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, 4 хотын дарга, Засгийн газрын 81 төлөөлөгч, нийт 24 орны 150 шахам төлөөлөгч оролцож байна.

Тодруулга: Үүний өмнө манай улсын нийслэлд өнгөрсөн 7 дугаар сарын сүүлээр Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалт форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд болж энд оролцсон 18 хотын төлөөлөл өөрсдийн хэрэгжүүлж буй сайн туршлага, бодлого шийдвэрээ хуваалцсан юм.


Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ