Хятад улс зарим бараа бүтээгдэхүүнийхээ татварыг бууруулна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-10-03 14:42:21

Бээжин /МОНЦАМЭ/. Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Хятад улс зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссоос өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Төрийн зөвлөлийн зүгээс аж үйлдвэрийг сайжруулах, хэрэглэгчдийн хүсэлт шаардлагад нийцүүлж үйлдвэрлэлийн үнийг бууруулах зорилгоор зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна.  Үүнд нийт 1585 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарч байгаа бөгөөд дээрх бараа бүтээгдэхүүний дундаж татварын хэмжээг 10.5-аас 7.8 хувь болгон бууруулах юм байна. Эм, эмийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны импортын татварыг бууруулснаар эдгээр бараа бүтээгдэхүүний өртөг хямдрана. Удаа дарааллан татварын зохицуулалт хийсний дүнд Хятад улсын гаалийн татварын хэмжээ буурсан нь гадаад худалдааны тэнцвэртэй байдал болон хөгжилд ашиг тусаа өгч, гадаад зах зээлд улам бүр нээлттэй байж, гадаад дотоод зах зээлээс дотоодын хангамжийг сайжруулж буй бүтцийн өөрчлөлт юм хэмээн Хятадын Төрийн зөвлөл дүгнэж байна. Энэхүү бодлого нь нэг талаараа Хятад улсын харилцан ашигтай, хамтаар хожих стратегийн илрэл болж, хөгжил цэцэглэлтэд тус нэмэр үзүүлэх ажээ.


А.Анхбаяр

Холбоотой мэдээ