Жилд 20-30 мянган хүн оношлох Үндэсний оношилгоо эмчилгээний төв ирэх онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-03 15:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттөй зээлээр олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Үндэсний оношилгоо эмчилгээний төв ирэх онд ашиглалтад ороход бэлэн болоод байна.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ-ны “МОН-8” төсөл, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Монголын цөмийн анагаах ухааны нийгэмлэг, Монгол Радиологийн нийгэмлэг хамтран “Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны менежментэд” сэдэвт олон улсын онол практикийн анхдугаар хурлыг зохион байгууллаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа Улсын клиникийн төв эмнэлэгт Цөмийн онош зүйн тасаг 1975 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэдэн зуун мянган өвчтөнийг оношлон эмчилжээ. Цөмийн анагаах ухааны эмч, инженер, технологич нарыг Олон улсын атомын энергийн агентлагийн шугамаар бэлтгэдэг байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр, ЭМЯ-ны дэмжлэгтэй монголын анагаах ухааны салбарт орчин үеийн Цөмийн оношилгооны төгс хувилбар болсон PET-CT Циклотрон хосолмол технологи нэвтрэх юм. Ингэснээр цөмийн оношилгоо төдийгүй дүрс оношилгооны салбарын эмч нарын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн энэхүү дэвшилтэт техологи нэвтэрснээр монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд шинэ эрин эхэлж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна.



Ардын эмч, профессор, доктор П.Онхуудай хэлэхдээ, “Аливаа өвчнийг сонжин шинжиж, үзлэг, багаж, тоног төхөөрөмж, шинжилгээ, эм урвалжийн тусламжтай харьцуулан бодон, ялган дүгнэж, дүрслэн тогтоодог нь цөмийн анагаах ухааны үндсэн зорилго юм. 1975 онд анх Цөмийн оношилгооны лаборатори байгуулагдахад бамбай булчирхай, элэг, бөөр гэсэн эрхтнийг оношилдог байсан. Нэг эрхтэнийг оношлоход 2-3 цагийн дараа хариу нь гардаг байсан бол одоо монголдоо анхны Циклотрон, PET-CT шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хэдхэн минутын дотор эрхтэний эмгэгийг оношилно. Тухайн үед жилд 700 гаруй өвчтөн оношилдог байсан бол одоо 18-20 мянган хүн оношилж байна. Харин шинэ тоног төхөөрөмж ашиглалтад орсноор хорт хавдар, зүрх судасны өвчтэй 20-30 мянган хүнийг жилд оношлох бүрэн боломжтой болно. Эрт оношилсноор өвчтний амь насыг аврах, эмчлэх боломж бүрдэнэ” гэв.


БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд энэхүү олон улсын хуралд Монгол, АНУ, БНСУ-ын экспертүүд өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцсан юм. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, Үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтад орсноор олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, хүртээмжтэй хүрнэ. Ингэснээр гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн гадагш урсдаг зардал буурах юм. Тухайлбал, хавдар оношлогдсон хүн бүр PET-CT оношилгоо заавал хийлгэсэн байх ёстой. Одоогийн байдлаар PET-CT оношилгоог хийлгэхийн тулд монголчууд Хятад, Солонгос гээд заавал гадаад улс руу явж байна. Гадагшаа явж энэ төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд 3-7 мянган доллар хэрэгцээтэй болдог. Гэтэл эдийн засгийн боломж, бололцоо нь бүх хүнд байхгүй. Харин одоо Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа учир зайлшгүй гадагшаа явах шаардлагагүй болно гэдгийг эмч нар хэлж байв.

Холбоотой мэдээ