Зоорины мэргэжилтэн ирж ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-04 10:32:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас хүсэлт тавьсны дагуу Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) төслийн дэмжлэгээр хүйтэн зоорины мэргэжилтэн Ингольф Майер, төслийн мэргэжилтэн Ц.Даланцагаан нар Увс аймагт 10 дугаар сарын 03-нд ирж ажиллалаа. Энэ үеэр Улаангом суманд ашиглаж буй есөн аж ахуй нэгж, иргэний зоорь, агуулахыг үзэж танилцан зөвлөгөө өгсөн юм.

Мөн тэд зоорь агуулахын чанар хэрэглээг сайжруулахын тулд юу хийх боломжтой талаар гарын авлага бэлдэж явуулахаар боллоо. Увс аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалж амь зуудаг иргэд цөөнгүй байдаг бөгөөд тэдний хувьд зоорины асуудлаа шийдээгүйн улмаас намар эрт ногоогоо хямд өртөгөөр зарж борлуулан ченжийн гар дамжуулдаг аж.

Ингэснээр тэдний ажлын бүтээмж хангалттай хэмжээнд үнэлэгддэггүй байна. Иймээс ногоочид шаардлага хангасан зоорьтой болох, түүнийгээ зөв боловсон ашиглахыг хүсч байна.

                                                                                                                                          Б.Батхүү

Холбоотой мэдээ