Казахстаны бизнесийн төлөөллийн айлчлал маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-03 17:56:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 4-нд манай улсад Казахстан улсаас бизнес, худалдааны томоохон бүрэлдэхүүн бүхий төлөөлөл айлчлах гэж байна.


Айлчлалын зорилго нь Монгол, Казахстаны бизнес эрхлэгчдийн харилцааг хөгжүүлэх замаар хоёр улсын бизнесийн холбоог тогтооход оршиж байна. Казахстаны талаас томоохон боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нар ирж байгаа нь хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ түнштэй болох, харилцан хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн хоёр улсын зах зээлд харилцан нэвтрэх боломжийг олгоно гэж зохион байгуулагч МҮХАҮТ-аас мэдэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцаагаа улам бэхжүүлэн өөр өөр салбарт тогтмол шинэ харилцаа болон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын талаас хоёр улсын дэд бүтэц, ХАА, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Аравдугаар сарын 4-5-нд үргэлжлэх бизнесийн айлчлалыг Казахстан улсын Гадаад худалдааны танхим, тус улсын Үндэсний танхим “Атамекен”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улс дахь ЭСЯ, манай улсын зүгээс МҮХАҮТ зохион байгуулж байна.


Б.Болд

Холбоотой мэдээ