Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний долоо хоног" олон улсын чуулга уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-10-04 16:46:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотноо чуулж буй “Эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон бусад төлөөлөгчид тус арга хэмжээнд дагалдан оролцов.

Төлөөлөгчид чуулга уулзалтын эхний өдөр буюу энэ сарын 3-нд “Эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтын “Өөрчлөгдөж буй дэлхий нийтийн тогтвортой эрчим хүч” сэдэвт өргөтгөсөн хуралдаанд оролцов. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, уламжлалт нөөц баялагийн үр ашигтай ашиглалт, инновацын технологийн хөгжил зэрэг эрчим хүчний салбарын бодлогын өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чухал асуудлуудыг хөндөн ярилцав. Тус чуулга уулзалтад илтгэгчээр оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин газрын тос, байгалийн хийн салбарын хөгжил, газрын тосны олборлолт, үнийн өөрчлөлтийн талаар ОХУ-ын байр суурийг илэрхийлэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тэргүүтэй төлөөлөгчид өргөтгөсөн хуралдааны дараа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Первиз Шахбазовтой уулзан хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Первиз Шахбазов Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг тааламжтай үедээ Бүгд Найрамдах Азербайжан Улсад албан ёсны айлчлал хийхийг урив. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн Москва хотноо хийж буй ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна.


Холбоотой мэдээ