Олны танил хүмүүсийн гэрээс хулгай хийсэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-04 12:05:30

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг оддын гэрт хулгай хийсэн хэрэгт өсвөр насны нэгэн хүү холбогдолтой нь тогтоогдсон гэж Лос-Анжелес тойргийн дүүргийн шүүхээс мэдээлэв.


Эд зүйлсээ алдсан хүмүүсийн дунд дуучин Рианна тэргүүтэй олны танил эрхмүүд байсан байна. 19 настай Тайресс Уиллиамс гэгч этгээдийг орон байрны хулгайн дөрвөн хэрэгт буруутгаж байгаа гэж шүүхийн мэдэгдэлд тэмдэглэжээ.


Хохирогчдын дунд дуучин Маттиу Тота, ака Мэтт Покора, бейсболын тамирчин Ясиль Пуиг болон америкийн хөл бөмбөгч Роберт Вудс байсан бөгөөд хулгайн хэргүүд энэ оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 27-ны хооронд гарсан байна.




Гэмт этгээдийг буруутгаж байгаа бүх хэрэгт холбогдолтой нь тогтоогдсон тохиолдолд түүнд 10 жил шоронд хорих ял ногдуулах аж. Уг хэргийг Лос-Анжелес хотын цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгасаар байгаа бөгөөд орон байрны хулгайн хэрэгтэй холбоотой 18, 19, 34 настай этгээдүүдийг мөн баривчлаад байгаа юм байна.


Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, дээрх сэжигтнүүдийг жүжигчид, дуучид, тамирчид болон Холливудын найруулагчдыг онилон гэрт нь хулгай хийдэг том сүлжээний гишүүд байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.


Э.Хулан

Холбоотой мэдээ