Аркадий Дворкович “FIDE”-гийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-10-04 12:39:42

БАТУМИ. /ТАСС/. Гүрж улсын Батуми хотод Олон улсын шатрын холбоо буюу "FIDE"-гийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалт дуусч, ОХУ-ын Засгийн газрын шадар сайд асан Аркадий Дворкович сонгогджээ.


Санал хураалтад “FIDE”-гийн конгрессын 182 гишүүн оролцсон байна. Дворковичийн цорын ганц өрсөлдөгч нь тус холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Грекийн иргэн Георгиос Макропулос байсан бөгөөд Дворкович 103 санал авсан бол Макропулос 78 санал авчээ. Нэг санал хүчингүйд тооцогдсон байна.


"FIDE"-гийн ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч гурав дахь хүн болох Их Британийн гроссмейстер Найжел Шорт санал хураалт эхлэхийн өмнө Дворковичийг дэмжин нэрээ татаж буйгаа мэдэгджээ.


Олон улсын шатрын холбооны өмнөх ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг тус холбооны ёс зүйн хорооны шийдвэрээр 2018 оны долдугаар сарын 13-нд албан тушаалаас нь огцруулсан билээ. Кирсан Илюмжинов 1995 оноос хойш тус байгууллагыг удирдаж байсан юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ