Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороонд 160 санал гомдол иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-04 13:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой санал гомдол, редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар мэдээлэл хийлээ.


Энэ онд иргэд, ААН байгууллагаас 160 гомдол санал ирсэн байна. Дээрх санал гомдлыг хэлэлцэхэд 104 нь ёс зүйн алдаа байсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо үзжээ. Иргэд дийлэнхдээ нэр төрд халдсан, гутаан доромжилсон зохион байгуулалттай илт худал мэдээлэл тараасан хэмээн редакцийг буруутгаж гомдол гаргажээ. Харин сэтгүүлчдийн бүтээлдээ нийтлэг гаргаж буй алдаа нь мэдээллийг бүрэн гүйцэд нягталж шалгаагүй, баримтаар баталгаажуулаагүй нь тогтоогджээ.


Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар хэлэхдээ: “Хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг асар хүчирхэг хэрэгсэл. Тиймээс хариуцлагатай сэтгүүл зүйн асуудлыг хөндөх цаг үед ирээд байна. Үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороо юм. Таван жилийн өмнөхөөс иргэдийн ойлголт эерэг болж байна. 160 гомдол ирсэн гэдэг нь иргэд шүүх цагдаад хандахаасаа илүүтэй хэвлэл мэдээллийн зөвлөлд хандах нь зөв юм гэдгийг ойлгож эхэлжээ. Нөгөө талаасаа сэтгүүлчид алдаагаа засдаг соёлыг бий болгож байна” хэмээлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргасан нийт гомдлын 83 хувь нь хэвлэмэл болон цахим бүтээлтэй холбоотой үлдсэн 17 хувь нь телевизийн бүтээлд хаягласан аж.



О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ