Ц.Нямдорж:“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-04 16:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж өнөөдөр нийгмийг цочроосон томоохон хэргүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийг Прокурорын байгууллага хянаж, цагдаа нар шалгаж байгаа бөгөөд дуусах шат руугаа орж байна. Мөн энэхүү хэргийг нэг бүрчлэн нарийн шалгахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. УИХ-ын гишүүдийн зүгээс энэ хэрэгтэй холбоотой олон асуудал хөндөж байгааг нарийн шалгана. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тухай шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурьдсан. Тиймээс УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн тус үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр ирээгүй байна.

С.Зориг агсны дурсгалын өдөр саяхан тохиолоо. Би ажил авсан өдрөө түүний амийг хөнөөсөн хэргийн ард захиалагч байгаа бол зарлах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд хэлсэн. Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын явцад захиалагчийн нэрийг хэлж байсан юм билээ. Гэвч тухайн хүнийг яагаад шалгаагүй вэ гэдгийг гайхаж байна. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралд цорын ганц гэрч Б.Булганыг оролцуулгаагүй. Гэрчээ оролцуулаагүй байж гурван хүнийг буруутайд тооцож ял өгнө гэдэг байж болшгүй зүйл” гэлээ. 

Холбоотой мэдээ