МАН-ын Удирдах зөвлөл Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр шийджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-04 15:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

Энэ талаар Я.Содбаатар гишүүн, “Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд ЗТХ-ийн сайдад миний нэрийг дэвшүүлснийг намын нөхөд минь дэмжлээ. Автозам, иргэний нисэх, төмөр зам зэрэг өргөн хүрээг хамардаг, Монгол Улсын хөгжлийн гарц болсон энэ салбарт сүүлийн үед олон асуудал гарсан. Ер нь зөвхөн зам тээврийн салбарт бус төрийн албанд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх болсон. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй, сахилга хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. УИХ-аас ЗТХ-ийн сайдаар томилох эсэх талаар эцсийн шийдвэр гарсны дараа би энэ салбарт хэрэгжүүлэх өөрийн бодлого, шийдвэрээ танилцуулна” гэлээ.

Холбоотой мэдээ