Нийслэлийн харьяа байгууллагуудад дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-04 16:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, сургууль цэцэрлэг зэрэг 1100 орчим байгууллагын үйл ажиллагаанд дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.


НМТГ-ын дарга О.Чинзоригоос энэ тухай тодруулахад, “Дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн 16 мянга орчим төрийн албан хаагчдад үе шаттай сургалт явуулах шаардлага үүсч байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 198 сургагч багш бэлтгэж гэрчилгээ олгосон. Сургагч багш нар маань цаашид байгууллагууддаа системийн хэрэглээний хичээлүүдийг заахаас гадна төрийн байгууллагуудад дижитал соёлыг бий болгоход онцгой анхаарч ажиллана. Төрийн албан хаагчид дижитал соёл, хандлага бий болгох нь маш чухал. Байгууллагууд аль болох уламжлалт үйл ажиллагаанаасаа татгалзаж шинэ систем рүү шилжинэ. Гадны хөгжилтэй орнуудад албаны цахим шуудан /и-мэйл/-гаар ирсэн захидлыг албан тоот бичигтэй адилтгаж үздэг. Энэ жишиг манай төрийн болон хувийн байгууллагуудад нэвтэрч байна. Ингэхийн тулд цаашид төрийн албан хаагчдад дижитал соёлыг бий болгоход анхаарч ажиллана” гэлээ.


Төрийн байгууллага хооронд солилцох уламжлалт цаасан суурьтай мэдээллийн урсгалыг аль болох цахим хэлбэрт шилжүүлснээр мэдээллийн чанар, хурд, уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэдгийг албаныхан онцолж байна.  

Холбоотой мэдээ