Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт хэвээр байх нь

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-10-04 17:21:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Индонезид эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдах бол Малайзд эсрэгээр саарах төлөв ажиглагдаж байна. Энэ талаар “Гадаад орчин харьцангуй тааламжгүй, улам тодорхой бус болж байгаа өнөөгийн олон улсын байдал “хэврэг” хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна” гэж Дэлхийн банкнаас өнөөдөр гаргасан тайланд дурдав. 

Тайланд, Вьетнам улсад цэвэр экспортын өсөлт суларчээ. Гэхдээ эдгээр улсад дотоодын тогтвортой эрэлт байгаа учир өсөлтийг бага хэмжээнд саармагжуулахаар байна хэмээн тайланд дурдсан. Индонезид Монгол Улс шиг хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээний төлөв эерэг байгаагаас эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдахаар байна. Бүсийн өөр нэг улс Филиппины хувьд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй хэдий ч тус улсын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа нь дунд хугацаанд өсөлтийг тэтгэнэ гэжээ. Харин Малайзад экспортын тэлэлт саарч, хөрөнгө оруулалт буурсан байна. Энэ нь тус улсад дэд бүтцийн хоёр томоохон төсөл цуцлагдсанаас нөлөөлжээ. Бүс нутгийн жижиг эдийн засгуудын хувьд өсөлтийн төлөв эерэг сайн байгаа бөгөөд Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг оронд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2018-2020 онд 6-гаас доошгүй хувьтай байх тооцоо хийжээ.

Улстөрийн гацаанаас гарсан Тимор-Лестэгийн эдийн засгийн өсөлт дахин сэргэх бол оны эхэнд томоохон газар хөдлөлтөд нэрвэгдсэн Папуа Шинэ Гвинейн эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх хэдий ч байгалийн гамшгаас хамаарах эрсдэлт хүчин зүйл өндөр хэвээр байхыг анхааруулсан байна. Дэлхийн банкны зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти хэлэхдээ, “Тус бүс нутгийн дийлэнх орон бүсийн болон дэлхийн интеграцчлалд идэвхитэй оролцдог нь тэднийг гадны цочир нөлөөнд илүүтэй их мэдрэг болгодог. Бүс нутгийн эдийн засаг цаашид тогтвортой үргэлжлэхэд учирч буй гол эрсдэл нь протекционист бодлогод улам хурцадмал болох, санхүүгийн зах зээлд савалгаа үүсэх болон эдгээр хүчин зүйлс нь улс орнуудын төсөв, санхүүгийн сул талтай зэрэгцэн харилцан үйлчлэлд ороход оршиж байна” гэж тодорхойлж байна. Хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2017 онд төлөвлөж байсан хүлээлтийг давсан бол 2018 онд бага зэрэг саарч 6.5 хувиар өснө гэсэн таамгийг дэвшүүлж байна.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ