Европын холбооноос Монголд сууж буй Элчин сайд Трайан Лаурентий Христеа Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-05 15:44:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төсөл Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төслийн удирдлагууд, орон нутгийн удирдлагуудтай 2017 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентий Христеа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Аж, үйлдвэрийн хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ, ГХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд Дархан-Уул аймагт 2018 оны 10 дугаар сарын 4-нд ажиллалаа.

Төсөл нь хүнсний болон хүнсний бус чиглэлээр мах, сүү, нэхмэл сүлжмэл (ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, бусад ноос), арьс шир болон хүнсний ногооны нэмүү өртгийн таван нэрийн сүлжээнд ажлын байр бий болгох туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.


Ажлын хэсэг "Дархан меат фүүдс" ХХК, "Дархан минж" ХХК, "Дархан нэхий" ХК, "Монголд үйлдвэрлэв" ХХК, "Ариун эх цацал" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчидтой уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн экспортыг нэмэгдүүлэх боломж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ